Банкууд санхүүгийн бус бизнест хутгалддаг, эзэд нь олны хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг болсныг УИХ-ын дарга шүүмжлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд очив. Түүнтэй хамт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, ажлын хэсгийнхэн хамт явав.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
- Банкны салбарын гол хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсэн
- ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн
- Монголбанкны алдагдлын хэмжээ 3.0 их наяд төгрөгт хүрээд байсныг 1.2 их наядаар бууруулж, сүүлийн 2 жилд ашигтай ажилласан
- Гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам доллар байсныг 4 дахин нэмэгдүүлж, 3.8 тэрбумд хүргэснийг Монголбанкнаас сүүлийн 3 жилд явуулсан бодлого, үйл ажиллагааны гол үр дүн гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Гэхдээ Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ийн “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, 2020-2024 он буюу дунд хугацаанд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах зэрэг томоохон сорилтууд хүлээж байгааг Н.Баяртсайхан онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр банкны салбарт хүлээгдэж буй хуулиуд, тухайлбал, Активын удирдлагын тухай, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай зэрэг хуулиудыг яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Төвбанк мөнгөний бодлогоо бие даан явуулж ирсэн. Бодлого шийдвэрт алдаа, оноотой зүйл байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орохгүй байх, инфляцийг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж санууллаа.
Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч энэ өсөлт гадаад хүчин зүйл буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой байна. Тухайлбал, нүүрсний экспорт 4 дахин нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ л оролдохоос өөр зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарах болсон. “Саарал жагсаалт”-д орох эрсдэл байсаар байна. Бидэнд дэлхийгээс нуугдах боломж байхгүй учраас “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж, бодит эдийн засгаа дэмжих шаардлагатай байна хэмээн онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
- -Өрийг өрөөр шийдэх нь явцгүй. Тиймээс үүнээс зайлсхийж, боломж нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай.
- -Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна гэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар банк, санхүүгийн салбарын бүтцийн болон хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, мөнгөний зөв бодлого явуулах чиглэлээр Төвбанктайгаа Байнгын хороо идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг хөндөж, “Төвбанк бол төрийн чухал институц. Тиймээс хүний нөөц, боловсон хүчний хувьд шилдэг мэргэжилтнүүд энд ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа.