Сурагчдад эх хэл, соёлоо дээдлэхийн чухлыг сурталчиллаа
2019.05.16

Сурагчдад эх хэл, соёлоо дээдлэхийн чухлыг сурталчиллаа

“Хэл мөхвөл, үндэстэн мөхнө” хэмээн хатуу боловч үнэн үгийг өнөөгийн даяаршиж буй цаг үед монголчууд бид зайлшгүй санаж бас мөрдөх учиртай. Тиймээс үндэсний эх хэлээ хүүхэд багачууддаа цэвэр ариунаар нь өвлүүлэн үлдээх нь юу юунаас чухал болсон энэ цаг үед УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлагатайгаар “Эх хэл, соёлоо дээдэлье” сарын аяныг 6 дахь жилдээ зохион байгууллаа.


Энэхүү аяныг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчид, монгол хэлний багш нарын дунд  тус дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж, 05 дугаар сарын 15-ны өдөр хаалтаа хийсэн юм.

“Эх хэл, соёлоо дээдэлье” сарын аяны хүрээнд 11-р ангийн сурагчдын дунд “Миний эх хэл” эссэ, 8-р ангийн сурагчдын дунд “Би эх хэлээрээ зөв түргэн уншдаг” сэдэвт уншлага, 7-р ангийн сурагчдын дунд эх хэлний шалгалт, 6-р ангийн сурагчдын дунд “Бид ангиараа цэвэр бичигтэн”, багш нарын дунд эх хэлний шалгалт, богино хэмжээний кино бүтээлийн зэрэг уралдаанууд тус тус зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болсон энэхүү аян өрсөлдөөн ихтэй болж, 4 бүс тус бүрээс шилдгүүдээ шалгаруулав.

Эссэ уралдаанд 9-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Мандухай,  42-р сургуулийн 11б ангийн сурагч А.Ундрал, Ирээдүй цогцолборын 2-р ахлах сургуулийн 11ё ангийн сурагч Ц.Мягмарсүрэн, Тольт сургуулийн 11а ангийн сурагч Ч.Тамир нар шалгарсан юм.

Харин уншлагын уралдаанд 12-р сургуулийн 8а ангийн сурагч Батцэцэг, 106-р сургуулийн 8а ангийн сурагч Р.Номинжин, 76-р сургуулийн 8а ангийн сурагч А.Энхжин, Чандмань сургуулийн 8а ангийн сурагч Т.Баасан нар тэргүүлэв.

Эх хэлний шалгалтанд 65-р сургуулийн Л.Энхцэцэг багштай 7б анги, 106-р сургуулийн Н.Туяа багштай 7б анги, 76-р сургуулийн Б.Алтантуяа багштай 7д анги, Тольт сургуулийн Л.Дэлгэрмаа багштай 7а анги нар тэргүүн байр эзэллээ.

Тэгвэл ангиараа цэвэр бичигтэн уралдаанд Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн Т.Баярмаа багштай 6в анги, 107-р сургуулийн С.Пүрэвсүрэн багштай 6д анги, 105-р сургуулийн Д.Мөнгөнтуяа багштай 6г анги, Тольт сургуулийн Б.Болормаа багштай 6а анги шалгарлаа.

Багш нарын дунд зохион байгуулсан шалгалтын уралдаанд 65-р сургуулийн багш Н.Бат-Өлзий, 106-р сургуулийн багш Энхтуяа, 104-р сургуулийн багш Х.Болорцэцэг, Гэрэлт ирээдүй сургуулийн багш Ж.Алтанчимэг нар тэргүүлэв.

Кино бүтээлийн уралдааныг 62-р сургууль, 106-р сургууль, 76-р сургууль, Гэрэлт Ирээдүй сургууль бүсээсээ шалгарсан юм.

Ингээд сарын аяны шилдэг сургуулиар 65-р сургууль, 106-р сургууль, 76-р сургууль, Гэрэлт Ирээдүй сургууль тэргүүллээ.