2019.05.10
“Хамтдаа шийдье” уулзалтыг зохион байгуулж байна
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санаачилгаар “Хамтдаа шийдье” уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ удаад дүүргийн 5, 6, 18, 19 дүгээр хороодод уулзалт үргэлжлэлээ.
Уулзалтын үеэр хороодоос сонгогдсон Төлөөлөгч бүр өөрсдийн хороондоо ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэр гаргаж ажилласан юм. Мөн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож иргэдийн асуултад хариулт өгч ажиллаа.
Тухайлбал дүүргийн 5 дугаар хорооны иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсонч ажил нь явагдахгүй олон жил болж, хохирч байгаа талаар санал гомдлоо илэрхийлж байв. Үүнийг шийдвэрлэх үүднээс тухайн компани болон Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулж дахин төлөвлөлтөд орсон айлуудтай тусдаа уулзалт зохион байгуулж шийдэлд хүрэхээр боллоо.
Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хог хаягдал, амьдрах орчин, агаарын бохирдол, тог цахилгаан, газар эзэмших, өмчлөх зэрэг тулгамдсан асуудлаар асуулт тавьж, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар нь шийдвэрлэж зарим иргэний өргөдөл гомдлыг бичгээр хүлээн авч, эргэж хариу өгч ажиллахаар болов.
Дүүргийн 6,18 дугаар хорооны иргэдээс хороо хуваагдаж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тэнцвэржүүлж байгаад талархалтай хандаж байлаа.