Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.
Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.
Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх саналаа 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.