2018: Дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэл эрс буурав
2019.04.10

2018: Дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэл эрс буурав

Цаазаар авах ял 2018:

Дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэл эрс буурав
  • Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий дахинаа 31%-иар буурч, сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн бага тоон үзүүлэлт бүртгэгдлээ
  • Гэвч Беларусь, Япон, Сингапур, Өмнөд Судан, АНУ-д цаазаар авах ял гүйцэтгэх нь нэмэгджээ
  • Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ тэргүүлсэн хэвээр байгаа ба түүний араас Иран, Саудын Араб, Вьетнам, Ирак орж байна.

Дэлхий дахинаа цаазаар авах ял гүйцэтгэх нь урд жилтэй харьцуулахад гуравны нэгээр буурсан. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа хэмээн Эмнести Интернэшнлээс өнөөдөр олон нийтэд танилцуулсан цаазаар авах ялын талаарх 2018 оны тоймд дурджээ. Тус статистикт Хятад улсаас бусад улсын тоон мэдээг багтаасан.

Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон хэвээр үлдсэн бөгөөд тоо баримтыг улсын нууцад хамааруулдаг тул цаазаар авах ялыг хэр хэмжээнд хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна. Гэвч жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгаа гэж Эмнести Интернэшнл үзэж байна.

Цаазаар авах ялыг түгээмэл хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодисын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш цаазаар авах ял гүйцэтгэх нь 50%-иар огцом буурсан бол Ирак, Пакистан, Сомали улсад ч мөн их хэмжээгээр буурсан байна. Хэдийгээр Иранд цаазаар авах ял гүйцэтгэх нь буурсан ч, дэлхийн нийт гүйцэтгэлийн гуравны нэгээс илүү хувийг эзэлсэн хэвээр байна.

Вьетнамын эрх баригчид 2018 онд 85 цаазаар авах ял гүйцэтгэсэн тухай олон нийтэд мэдээлсэн нь урьд нь гарч байгаагүй үйл явдал байсан бөгөөд энэ тоон үзүүлэлт нь Вьетнам улсыг цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч таван улсад багтаалаа. Үүнд Хятад 1000-аас дээш, Иран 253, Саудын Араб 149, Вьетнам 85, Ирак 52 цаазаар авах ял гүйцэтгэжээ.

“Улс орнууд арга замаа өөрчилж, цаазын ялыг зөв алхам биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн нь цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий даяар буурч байгаагаас тодорхой харагдаж байна. Хэдийгээр зарим орон ухарсан алхам хийсэн ч, энэ ялыг хамгийн ихээр хэрэглэдэг байсан хэд хэдэн улс оронд цаазаар авах ял гүйцэтгэх нь эрс буурсан. Энэ бол хэрцгий ял шийтгэл түүхэнд үлдэх нь цаг хугацааны л асуудал болоод байгааг харуулж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Куми Найдо өгүүлэв.

Эмнести Интернэшнлийн олж тогтоосноор Беларусь, Япон, Сингапур, Өмнөд Судан, АНУ-д цаазаар авах ялын гүйцэтгэл нэмэгдсэн нь тийм ч таатай мэдээлэл байсангүй. Тайланд улс 2009 оноос хойш анх удаа цаазаар авах ял гүйцэтгэсэн бол, Шри Ланкын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена 40 жилийн дараа цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээх болсноо мэдэгдэж,  2019 оны 2 дугаар сард цаазаар авах ял гүйцэтгэгч хайж байгаагаа зарлажээ.

2018 оны тоо баримтаас харахад цаазаар авах ял ерөнхийдөө эрчимтэй буурч, энэ хэрцгий, хүнлэг бус ял шийтгэлийн хэрэглээг төгсгөл болгоход чиглэсэн үр дүнтэй алхмууд дэлхий даяар хэрэгжиж буй нь харагдаж байна.

Тухайлбал, 6 дугаар сард Буркина Фасо цаазаар авах ялыг халсан шинэ эрүүгийн хууль баталж, 2 дугаар сард Гамби, 7 дугаар сард Малайз улс цаазаар авах ялын гүйцэтгэлд албан ёсоор моратори зарлажээ. 10 дугаар сард АНУ-ын Вашингтон муж цаазаар авах ялын талаарх хууль нь үндсэн хуульд харшилж байна хэмээн мэдэгджээ.

2008 онд Хо Дю Хай түүнд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн болохыг мэдүүлсэн ч хулгайн болон хүн амины хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулжээ. Тэрээр хэзээ ч цаазлуулж болзошгүй эрсдэлд байгаа нь түүний гэр бүлийнхэнд ч маш хүндээр тусч байна.

Түүний ээж Нгуен Ти Лоань нь Эмнести Интернэшнлд өгсөн ярилцлагадаа:

“Хүүг маань баривчилж, биднээс тусгаарласнаас хойш 11 жил өнгөрч байна. Би энэ их зовлон шаналлыг тэсвэрлэж чадахгүй нь. Хүү минь торны цаана тарчилж байгаа гэж бодохоор л сэтгэл өвдөж байна. Хүүтэйгээ эргэн уулзахад минь олон улсын байгууллагууд туслаасай гэж хүсэж байна. Та нар миний цорын ганц найдвар болоод байна” гэж ярьжээ.

Эмнести Интернэшнлээс 40 гаруй жилийн турш цаазаар авах ялыг халах кампанит ажил өрнүүлж байгаа ч  асуудал бүрэн шийдэгдэх хараахан болоогүй байна. Буркина Фасогоос эхлээд АНУ хүртэл цаазын ялыг халахаар бодитой алхам хийлээ. Дэлхий дахин цаазаар авах ялын хэрэглээг төгсгөл болгохоор удаан ч гэсэн тууштайгаар урагшилж байна.

Бид бүгд аюулгүй нийгэмд амьдрахыг хүсдэг. Харин цаазаар авах ял үүний шийдэл биш. Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн тууштай дэмжлэгийн ачаар бид цаазын ялыг халж чадсан, цаашид ч энэ ялыг бүрмөсөн эцэслэх болно” хэмээн Куми Найдо өгүүлэв.

2018 оны эцэст 142 орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халснаас 106 улс цаазаар авах ялыг бүрэн буюу хуулиараа бүх гэмт хэрэгт халчихаад байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Лондон хот дахь Эмнести Интернэшнлийн хэвлэлийн товчоотой доорх хаягаар холбогдоно уу:

  • +44 20 7413 5566
  • Цахим хаяг: press@amnesty.org
  • Твиттер хуудас: @amnestypress

Цаазаар авах ял нь туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл мөн. Эмнести Интернэшнл гэмт хэргийн мөн чанар, гэм буруугүй эсвэл буруутай эсэх, хэрэгжүүлж буй арга хэрэгсэл, хэн шийтгүүлж байгаагаас үл хамааран бүх тохиолдолд цаазаар авах ялыг эсэргүүцдэг.