УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
2019.03.27

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 20.40 цагт хаалтаа хийлээ.

УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөнөөс гадна УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг томиллоо.

Ийнхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдөр буюу захирамжаар тогтоосноос хоёр хоногийн өмнө хаалтаа хийж буй юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар

“Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа баталж, зорилтоо бүрэн биелүүллээ. Чуулганаар татварын шинэчлэлийг хийж, бизнесийн орчныг олон улсын тавцанд өрсөлдөхүйц болгох, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татвараас зайлсхийх асуудлыг зогсоох Татварын багц хуулийг батлав.

Энэ хуулиар 50-300 сая төгрөгийн орлоготой иргэн, аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөх, 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол 10 хувийн татвар төлөөд 9 хувийг нь буцаан авах зохицуулалтыг тусгалаа. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн татварыг 50 хувь, 1000 км-ээс хол бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Төр чанаргүй бараа худалдан авдаг гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, үнэ бус чанарыг эрхэмлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн худалдан авах бол тендерт гадаадын компани оруулахгүй байх юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны татварыг 5 хувиар тогтоосон. 2018 оны дүнгээр Монголбанк 22 тонн алт худалдан авсан. Энэ онд үүнийгээ давуулна гэдэгт итгэлтэй байна.

Ээлжит бус чуулганы хугацаанд 10 мянган өрхийн орон сууц барих, Улаанбаатар-Дарханы замыг шинэчлэх зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн ЗХЖШ-ын даргыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, дэмжсэн.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс бол хүний эрхийг хангах юм. Монгол хүний язгуур эрхийг зөрчсөн хүн, тэр тусмаа хуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах ёсгүй. Хууль зөрчсөн хүн бүр хариуцлага хүлээх ёстой” хэмээв.