О.Баасанхүү: Өмнө нь С.Зоригийн хэрэгт холбогдож, тамлуулж байсан хүмүүсийн хэргийг дахин шалгах ёстой
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан, шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүж буй бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ.
Энэхүү явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ асуудлыг 2015 оноос хойш буюу талийгаас С.Зоригийн эхнэр Б.Булганыг баривчлагдсанаас хойш л би олон нийтэд мэдээлж, төрийн байгууллагуудад хандаж байсан.
Энэ хэрэгтэй холбоотой ард Батсүх гэдэг хүнийг Төв аймгийн шоронд гурван сар тамлан зовоож байсан. Дараа нь нэг өчүүхэн хэрэг үүрүүлсэн болоод С.Зоригийн хэрэг биш болоод явсан. Одоо Батсүх уушигны хүнд өвчин тусаад, Д.Сосорбарам гавьяат тэр хүнийг дагуулаад эмчлүүлэх гээд хүмүүсээс мөнгө төгрөг гуйгаад явж байгаа юм байна. Удахгүй Монголд ирнэ гэсэн.
Тэр хүнийг эрүүдэн шүүж байсан алба хаагчдыг одоо шалгах хэрэгтэй.
Хоёрдугарт, Дамирангийн Энхбат гэдэг хүн нас барсан. Тэр хүний өмгөөлөгчийг хорьж, тамласан. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн намайг тамласан гэж мэдэгдэж байсан. Энийг бас шалгах хэрэгтэй. Эдгээр хэргүүдийг шалгуулах хүсэлтээ би гаргах болно.
Өчигдрийн үзсэн бичлэг дээр Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирсэн. Нэг нь Ц.Амгаланбаатар. Гаднаас орж ирсэн хоёр нь эргэлт авна, орон дээр унтана. Арай давуу эрхтэй. Тэгээд Б.Содномдаржааг дэглэж байгаа зүйл гарсан. Б.Соднамдаржааг “Хэргээ хүлээ, чи яахаараа ингэдэг юм, тэгдэг юм” гэхчлэн дарамталж байсан.
Хамт хоригдож байгаа ялтан нь түмпэн шиг юманд шээгээд эргэхэд нь Ц.Амгаланбаатар шээсийг нь нөгөөдөх рүүгээ цацаад, барилцаж авч байгаа үйл явдал бичигдсэн байсан.
Мөн Т.Чимгээг унтаж байхад нь цээж нүцгэн кармаандаа гараа хийсэн хүн орж ирж байгаа. "Чи хэргээ хүлээ. Та нараас болж энд удаан зовмооргүй байна” гэж хэлээд, тамхи татаад гарч байгаа зүйл харагдсан. Нийтдээ 30 орчим минутын бичлэг байсан.
Энэ бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлэх байх. Харин олон нийтэд жүжигчилсэн байдлаар үзүүлэх ёстой гэж бодож байна. Шууд үзүүлж болохгүй. Яагаад гэвэл өндөр настай ээжид хүүг нь тийм байдалтай байгааг харуулж болохгүй. Мөн хоригдож байгаа хүний эрх, нэр хүнд, үр хүүхдэд таатай байхгүй.
Тиймээс хувь хүнийхээ хувьд олон нийтэд шууд бус утгаар үзүүлж болох байх гэсэн байр суурьтай байгаа.
ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн. Урьдчилан хорих 461 ангид хоригдлуудад тусад нь хувцас өмсгөдөггүй. Тэр хүн энгийн хувцастай байсан. Энэ хүн бол ШШГЕГ-ын ажилтан гэж тайлбарлаж байсан. Тэр хүн камерт нь ороод гараа зангидаад хэргээ хүлээ энэ тэр гэж хэлж байгаа нь бичигдсэн байсан.