2019.03.27

А.Ундраа: Оюун санааны түгжрэл үүсчихээд байна

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг санал болгож хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Намрын чуулганы төгсгөлд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон учраас байнгын хорооны даргын ажлаа өгөх ёстой. Тэрбээр, УИХ-ын даргад хүсэлтээ өгсөн учраас түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг нийгмийн салбар нь монголын ирээдүй цаашдын хувь заяаг шийддэг. Нийгмийн тулгуур багана болсон боловсрол, эрүүл мэндийн асуудал амаргүй, хүнд байгаад боловсролын салбарт гадаад, дотоодын их дээд сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалж, 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн эрдэмтний хувьд энэ асуудалд сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийн асуудал хүнд, салбарын менежментийг хийж, зөв системийг нэвтрүүлж чадаагүйн талаар хөндөөд Байнгын хорооны гишүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломжийг өгөх үүднээс нэрээ дэвшүүлсэн гэдгээ илэрхийлээд намтраа товч танилцуулав.

Улсын Их Хурлын өчигдрийн гаргасан шийдвэр нь 1990 оны эхэн үед  бий болгосон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах зарчмаас ухарсан алхам болсон гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн гэв. Тэрбээр, аливаа шийдвэр бусдыг мохоох биш хурцлах ёстой гэж үздэг учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Байнгын хорооны даргын томилгоонд ялагдах, ялах нь гол биш оюун санаа, үнэт зүйлийн түгжрэлээс гарахын тулд зөв шийдвэрийг зоригтой гаргадаг байх шаардлагатайг тодотгоод, Д.Оюунхорол гишүүнд нэрээ татахыг уриалав.