НББСШУБХ: Байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг баталлаа
2019.03.27

НББСШУБХ: Байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Тэрбээр, “Тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн саналыг хэлэлцлээ.

Тус Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа Байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшсэн гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжиж, олонхын санал авлаа” хэмээн танилцуулав.

Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүд санал гаргаж, үг хэлээгүй бөгөөд нэр дэвшигчид саналаа илэрхийлжээ. Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлагдлаа.