Б.Энх-Амгалан сайд Тээврийн цагдаагийн албанд үүрэг өгөв
Замын цагдаагийн газрын Тээврийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох газрын дарга нарт мэдээлэл хийв.
Тус мэдээлэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт, гэмтсэн хүмүүсийн тоо их байгаа нь энэ салбарын олон тулгамдсан асуудлын нэг.
Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 2010-2018 оны хооронд орон нутгийн замд гарсан нийт гэмт хэргийн тоо 7835, гэмтсэн хүн 4908 байгаа бол 2557 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгуудын замд гарсан осол, гэмт хэргийн тоо ихэнх хувийг эзэлж байгаа нь хүн ам цөөтэй улс орны хувьд маш өндөр үзүүлэлт гэдгийг энэ үеэр албаны хүмүүс дурдаж байсан юм.
Мэдээллийн дараа Зам, Тээврийн хөгжлийн сайдын зүгээс зарим зарчмын асуудлыг хэлэлцэж, ажил хэрэг болгохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Б.Энх-Амгалан сайдын хувьд зам тээврийн осол түүнийг арилгах тал дээр цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд юуны өмнө “Авто тээврийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үр өгөөжтэй болно гэж үзлээ.
Үүний зэрэгцээ жолооны курсуудыг цэгцэлж, чанартай жолооч бэлтгэх, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах, орон нутгийн замын хяналтыг сайжруулж, камержуулах, замын түгжрэлийг бууруулах тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гаргаж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Мөн ойрын жилүүдэд баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцуулахыг төрийн бодлогоор зохицуулах тал дээр анхаарч ажиллахыг сануулав.