ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийлээ.
2019.02.18

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийлээ.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Хятад хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Б.Энх-Амгалан сайд хоёр орны хоорондын зам, тээврийн салбарын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэ онд болох гэж буй Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан хоёр орны зам, тээврийн салбарт чухал ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах шаардлагатай байгаа тухай онцлон дурдав.

Энэ оны 04 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба Зам” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж төлөвлөж байгаатай холбогдуулан  “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хятадын төмөр замын Ерөнхий компани хооронд байгуулах Замын-Үүд-Эрээн боомтоос БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтууд руу болон эсрэг чиглэлийн дамжин өнгөрөх тээвэрт Хятадын тал адил хэмжээний хөнгөлөлттэй тариф үзүүлэх тухай хэлэлцээр” болон “Олон Улсын төмөр замын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцооны гэрээ”-нд гарын үсэг зурах саналаа Монголын тал илэрхийллээ.

Б.Энх-Амгалан Сайд хоёр орны агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байгааг онцолж, Монголын агаарын тээвэрлэгч гурван компани Хятадын Бээжин, Хонконг, Хөх хот, Эрээн, Бугат, Манжуур, Хайлаар гэх 7 чиглэлд нислэг үйлдэж байгааг дурдаад нислэгийн шинэ чиглэлүүд болох  Гуанжоу, Шанхай, Тяньжин хотууд руу нислэг үйлдэх болон БНХАУ-тай Говь-Алтай аймгаар агаарын шинэ хаалга нээх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайдаас хүслээ.         

Улаан-Үд-Улаанбаатар-Улаанцав хотуудын хооронд эдийн засгийн бүс байгуулах хүрээнд эдийн засгийн хамтарсан чуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд эдгээр хотуудын хооронд шууд нислэг үйлдэхэд хятадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг яаралтай эхлүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Таван толгойн нүүрсний тээвэрлэлтийг тогтворжуулах асуудлаар талууд санал солилцов. Нүүрсний тээвэрлэлтийн зам дээр урт дараалал үүсч, тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын хөдөлмөрлөх нөхцөл зөрчигдөж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд дурдаад, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллаж, тээвэрчдийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс аливаа шалтгаанаар боомтын үйл ажиллагаанд өөрчлөлт орох тохиолдолд нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж, мэдээлэл солилцож хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Шин Хаймин Б.Энх-Амгалан сайдад Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргээд Монгол, Хятадын хоорондын томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд чухал ач холбогдол өгч ажилладаг болохоо илэрхийлэв. Зам, тээврийн хөгжлийн яамтай нягт хамтран ажиллаж Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад дээд, өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын онцгой анхаарал хандуулж буй Таван толгойн төсөл, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын олон чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зуруулахаар Монголын талтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.