"Улаанцав-Улаанбаатар-Улаан Үүд" чиглэлийн авто тээвэрт Монголын тээвэрчдийг түлхүү оролцуулахыг хүслээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Энх-Амгалан БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Яам, Бүх Хятадын Олон Улсын Худалдааг дэмжих Хороо, Хятадын Үйлдвэр Худалдааны Газрын төлөөлөгч Чен Фен Гуан, Зэн Вэй группын ТУЗ-ийн дарга Ван Шэ Хуй нарыг төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэл бүх талаар өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд талуудын бүс нутгийн харилцаа улам өргөжин тэлж, шинэ утга агуулгаар баяжиж байгааг онцлоод, ӨМӨЗО-ны Хянган аймагтай химийн элдэв хольцгүй экологийн цэвэр ногоон бүтээгдэхүүн, Бугат хоттой уул уурхайн бүтээгдэхүүн, Улаан цав хоттой олон улсын тээвэр харилцаа, тээвэр ложистикийн чиглэлээр хамтран ажиллах талаар ахиц дэвшил гарч буйг дурьдав.
Цаашид хоёр тал:
1. Интернэт, цахим худалдааг хамтран хөгжүүлэх.
2. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох тал дээр хамтран ажиллах.
3. ОУ-ын тээвэр харилцаа, транзит тээврийг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, "Цайны зам"-ын төслийг харилцан дэмжих, түүнчлэн тээвэр ложистик, хөрш гурван орны худалдааг дэмжиж хамтран ажиллах нь чухлыг цохон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд "Улаанцав-Улаанбаатар-Улаан Үүд"-ийн чиглэлийн авто тээврийн уртын замд Монголын жолооч тээвэрчдийг түлхүү оролцуулахад Хятадын талаас анхаарч дэмжиж ажиллахыг хүслээ.