АН хамтарсан Засгийн газарт орсон нь хамгийн том алдаа
2010.11.17

АН хамтарсан Засгийн газарт орсон нь хамгийн том алдаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчиг­дөр Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг зангиагүй уулзалтад оролцлоо. Тэрбээр өмнө нь зангиагүй, чөлөөт уулзалтад оролцож байгаагүй, энэ уулзалт анхных гэсэн юм. Мөн хэвлэлийн бага хурал, ярилцлага гээд олон зүйлээр сэтгүүлчидтэй уулздагтаа баяртай байдгаа энэ үеэр хэлсэн. УИХ-ын гишүүн С.Эр­дэнэ З.Энхболдтой мөр зэрэгцэн Ард­чилсан хүчний холбоонд хүчин зүтгэж яваа нэгэн. Энэхүү зангиагүй уулзалтаараа тэр­бээр улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг ярихаас гад­на юу хийх ёстойг хэлэлцэх нь зүйтэй хэмээх саналыг хэлж байлаа. Тэрбээр “Нэгдсэн төсвийг АН-ын бүлгээс буцаасан. Буцаасан төсвөө дахин өргөн барьсан боловч онцын өөрчлөлт оруулаагүй байна. 200 тэрбумын орлогын эх үүсвэр нэмсэн байсан. Цаашлаад Оюутолгой, Тавантолгойн асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Бидний хүсч бодож байснаас өөр өнгө төрх харагдаж эхэллээ. Улс төрийн намууд шинэчлэгдэж, өөрчлөгдөж байна. Гэтэл зарим нам нь яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Нийг­мийн өмнө шийдлээ хүлээн байгаа олон асуудлыг шударга, үнэн зөвөөр гаргаж ирдэг шүүгч бол цаг хугацаа юм” хэмээн уулзалтаа эхлүүлсэн. Түү­нээс сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

-Ардчилсан нам дотроо хямрал, зөрчил, хагаралтай байгаа. Энэ зөрч­лийг та чухам юу гэж үзэж байна вэ?

-Ардчилсан намын хямрал, зөр­чил бол сүүлийн үед гэнэт гарч ир­сэн асуудал биш л дээ. Хоёр жилийн өмнөөс л энэ асуудал яригдаж эхэлсэн. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орсноос хойш намын дотоод зөр­чил эхэлсэн гэж би ойлгодог. Парламентад цөөнх болсон нь сөрөг хүчин болох зарчимтай. Харин янз бүрийн шалтгаанаас болоод стандарт бус Засгийн газар байгуулсан. Үүнд хөтлөгдөж, уруу татагдаж орсноороо Ардчилсан нам түүхэнд маш том алдаа хийсэн. Хамтарсан Засгийн газарт орж болохгүй гэдгийг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Энэ Засгийн газарт орохыг ҮЗХ-ны хурлаар шийдсэн гэх боловч тухайн үед маш цөөн гишүүний саналын зөрүүгээр батлагдсан юм.

-Тэгвэл өнөөдөр хамтарсан Зас­гийн газар байгуулагдаад Оюу­тол­гой, Тавантолгой гээд олон бүтээн байгуулалтыг шийдлээ гэж байна. Хамтраад хийсэн зүйл байгаа юм биш үү?

-Хамтарсан Засгийн газар байгуу­лагдаад ямар ч үр дүнд хүрээгүй. Бидний ярьж байсан Сонгуулийн хуу­лийн өөрчлөлт хаана байна. Оюутолгой луйврын гэрээ болж хувирлаа. Тавантолгойн хөрөнгө оруулагчтайгаа гэрээ байгуу­лаагүй байна гэх мэт олон асуудал бий. Юу шийдчихэв гээд харахаар шийд­сэн зүйл үнэндээ харагдахгүй байна. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Оюутолгой хамгийн сайн хө­рөн­гө гэж харж байсан. Гэтэл одоо 34 хувиа өөрсдөө худалдаж аваад сууж байгаа. Оюутолгойгоос ногдол ашиг авахад жилдээ 280, 290-ээд сая төгрөг болж байгаа юм. Харин төлөх хүүгээ бодож үзвэл сардаа 300-аад сая төгрөг төлөхөөр харагдаж байна. Хамтарсан Засгийн газрыг гялтайх зүйлгүй гэж хэлж бас болохгүй байх. Төмөр замын бодлогыг баталлаа, ард түмний амьдрал сайжирлаа гэж ярьж л байна. Энэ үлгэр хэдий бол­тол яригдах юм бэ. Манай нам хам­тарсан Засгийн газарт орсноор төрийг хяналтгүй болгосон гэж болно. Аль нэрээр нэрлэхэд хэцүү болсон нэг нам байна.

МАХН гэх үү Ардын нам гэх үү. Энэ намын үүрэх ёстой хариуцлагыг хэн нэхэж, шахаж, шаардах юм.

-Ардчилсан нам Засгаас гарах хэрэг байна уу. Хамт­раад явж байсан нь дээр юм биш үү?

-Угаасаа хийсэн бүх зүйл Ардын намын нэр дээр явдаг. Ерөнхий сайд С.Батболдын хө­дөө, орон нутгаар хийсэн уул­залтыг харсан л даа. Тэнд Ард­чилсан намын нэрийг нэг ч удаа дурьдаагүй. Сүү­лийн 20 жилийн өнгөтэй өөд­тэй болгоныг Ардын нам өөрийнхөө нэр дээр л нааж бай­гаа. Ний нуугүй хэлэхэд би нэг зүйл дхарамсч явдаг. Монголын ард түмнийг хага­цал зовлонд унагаачихаад Ардын нам уучлалт гуйхгүй байгаад л харамсдаг.

-Ээлжит бус их хурлыг хуралдуулахын төлөө хөдөлгөөн байгуулагдсан. Таны хувьд ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлага бий юу?

-Ээлжит бус их хурлаа хийх хэрэгтэй. Ярилцах зүйл ч их байна. Улс орон болон намын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг ярилцах цаг нь ирсэн. Төрд нүүрэлчихээд байгаа авлига, хүнд суртал, шударга бус явдлыг авч хэлэлцэх, шийдэх арга замыг нь хайх хэрэгтэй. Их хурал хийснээр үр дүн гарах байх л гэж харж байгаа юм. ҮЗХ-ны 200 гишүүн, Гүйцэтгэх зөв­лөлийн 30 гишүүний дунд яриад өнгөрөх биш их хурлаар шийдэх хэрэгтэй асуудал олон байна.

-Намын дарга Н.Алтан­хуягийг огцруулах хэрэгтэй гэж олон хөдөлгөөн, улс­төр­чид үзэж байна. Намын дар­гыг огцруулснаар танай нам шинэчлэгдэх үү?

-Би намын даргатай жи­рийн харилцаатай байгаа. Нэг нэгэн рүүгээ муухай хараад, ойр­тохоор гар зөрүүлчихээд бай­гаа зүйл алга. Хувь хүний­хээ хувьд намынхаа тухай бид хоёр ярилцдаг. Хэн нэгэн дар­гыг солихдоо гол нь байгаа юм биш. Нам дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бодит үнэнийг хэлсэн хүнийг гудамжных, эсэргүү гэж үзэж болохгүй. Энэ бол намын дотоод хагарал биш юм.

-ҮЗХ-ны хурал удахгүй болно. Хурлаар юу хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-ҮЗХ-ны хуралдаанаар ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлыг ярих ёстой. Мөн хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх хэрэгтэй. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ хүрээнд томоохон өөрчлөлт хийх цаг нь болсон. Тиймээс энэ гурвыг юун түрүүнд хэлэлцэх хэрэгтэй л гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.