2018.11.01
М.Билэгт: Санхүүгийн зах зээлийнхэн иргэдийг шулж, мөнгө хүүлж байна
УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
“Сүүлийн 20 гаруй жил төрийн шийдвэр гаргаж байгаа байгууллагын ажилтнууд болно, хийнэ гэсэн жижүүрийн хэдэн хариулттай болжээ. Монголбанк төгрөгийн ханшийг өндөр байлгахгүй юм бол Монголчуудын амьдрал хүндэрсээр л байна. Өмнө нь хөнгөн хүнсний үйлдвэрлэлээр ажлын байраар хангаад иргэд хангалуун сайхан амьдраад болж байсан. Харин өнөөдөр газрын доорхи баялгаа ухаж байвал л сайн сайхан болох тухай ярьж байна. Гэтэл газрын баялгийг чинь тэд ухаж аваад энд байгаа Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байх жишээтэй. Монголбанк үндсэн үүргээ биелүүлэхийн тулд валютын нөөцөө эндээ хадгалах бодлого боловсруулж Засгийн газартаа оруулах ёстой. Үүнийгээ хийхгүй байна. Санхүүгийн зах зээлийн байгаа байдал иргэдийг шулж байна. Монголбанк үүнийг бодлогоор барих хэрэгтэй.” гэлээ.
Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах хариултыг өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
“Монгол Улсын экспорт, импортыг зохицуулах худалдааны яам, агентлаг байхгүй. Тиймээс Худалдааны тухай хуулийг баталж өгнө үү? Монголчууд бол үйлдвдэрлэгч гэхээс илүү худалдаачин үндэстэн болсон. Одоо байгаа нийгмээ харахад ийм байгаа. Тиймээс энэ асуудлыг чиглүүлдэг бүтэц хэрэгтэй байна. ”
Тогтоолын төслийн заалтууд дээр санал хураалт явуулах үед УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа мөн илэрхийлсэн юм.