УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.10.19

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна. Үүний зэрэгцээ гадаад секторын статистикийн мэдээг боловсруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлж буй хүчин зүйлийг хязгаарлаж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, банк, санхүүгийн системийн чадавхийг сайжруулах үүднээс зохицуулалтыг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах шаардлага бийг мөн онцоллоо. Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагч дурдав.

    Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ валютын нөөцөө 1 жилийн импортын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэх амлалт авсан. Одоогоор 6 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа бөгөөд дээрх үүргээ биелүүлэх шаардлага бий. Иймд дээрх хуулийг шинэчлэн өөрчилж, валютын зах зээлийг тогтвортой болгох шаардлага бий. Банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг хяналттай болгож, тэдгээрийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээг валютын захын тайлан, мэдээнд тусгадаг болгож, валютын захын энэ хэсгийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд нэн даруй хамруулах шаардлагатай байна. Ингэснээр гадаад валютын дотоодын захад оролцогчид шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Тус байнгын хороо 10 сарын 19-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Батнасан, М.Билэгт, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. 

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.