2012.05.04

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитад өгчээ

Үндэсний аудитын газарт уржигдрын 17:30 цагийн байдлаар 11 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгчээ.

Ирүүлсэн дарааллынхаа дагуу эхний хоёр нам болох Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан байна. Улс төрийн нам, эвсэл нь санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хуульд заасан. Энэхүү хугацаа ирэх лхагва гариг буюу тавдугаар сарын 9 бөгөөд Үндэсний аудитын газар нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ сарын 8-наас өмнө дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.

Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нам, эвсэлд хүргүүлэхээс гадна Сонгуулийн ерөнхий хороонд нэг хувийн хамт хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн шаардлагад нийцээгүй сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тухайн нам, эвсэлд буцаана. Мөн шаардлагад нийцүүлэн засварлаж гурав хоногайн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж болно.

Нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдох эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, үнэ төлбөргүй, эсвэл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөхийг хориглосон юм. Үндэсний аудитын газар нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дээрхтэй ижил утга, агуулгатай амлалт тусгагдаагүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэх юм байна.

Харин дээрх хориглосон амлалттай ижил агуулга, утгаар тусгасан тохиолдолд шаардлагад нийцээгүй гэж дүгнэх ажээ. Дээрх таван чиглэлээр хориглосон амлалтын чухам алийг нь, ямар үндэслэлээр хангаагүй болохыг тайлбарлан бичих юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.