Ч.Улаан: Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйл байвал би тайлбар өгнө
2012.04.25

Ч.Улаан: Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйл байвал би тайлбар өгнө

УИХ-ын гишүүн Ч.Улааныг ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэрэгтэй холбогдуулан АТГ-т шалгахаар болжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэрэгт холбогдуулан таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Энэ талаар би тодорхой мэдээлэлгүй байна. Одоогоор хуулийн байгууллагаас надад мэдэгдсэн зүйл алга. Энэ олон жилийн өмнө яригдаж, шийдвэрлэгдсэн гэж би ойлгож байгаа. Тухайн үед би Шадар сайдаар ажиллаж байсан. Тэр үед огт нотлогдоогүй эд. Одоо энэ асуудал дахин гарч ирж нотлогдоно гэж зүйл байхгүй байх. Би гайхаж байна.

-Хуулийн байгууллагаас албан ёсоор таныг энэ хэргээр шалгах асуудал тавибал та шалгуулах уу?

-Учир байдлыг нь тайлбарлана. Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйлүүд байвал би тайлбар өгнө.

-Нэр бүхий есөн гишүүн Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг гаргаж байна гэсэн хардлага байсан. Та үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна уу?

-Тэгж үзэж байна. Энэ бол зориуд гаргаж байгаа яриа байна.

-МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бол. Та энэ асуудлыг бүлэгтээ тавьж үзсэн үү?

-Бид асуудлыг байнга шаардаж байгаа. Асуудлыг учир битүүлгээр хойшлуулаад байна. Бидний ажил нэг иймэрхүү л болоод байна.

-Та бүхэн намын бүлгээсээ гарч, өөр бүлэг байгуулах тухай асуудал ярьж байсан. Энэ асуудал яагаад намжсан бэ?

-Энэ тавигдсан асуудлын ач холбогдлоос хамаараад түр зуур яригдахгүй байгаа. Энэ асуудал шийдэгдэхийг бид хүлээж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.