Шуналын гайгаар
2012.04.18

Шуналын гайгаар ''Аав''-ын хаалга татсан Дэлхийн удирдагчид

  • Украины Ерөнхий сайдаар ажиллаж байсан Юлия Тимощенко 2009 онд ОХУ-тай хийсэн байгалийн хийн гэрээг өөрийн оронд ашиггүйгээр хийж, улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаж баривчлагдсан
  • Энэ хэргийг хоёр жилийн өмнөөс эхлэн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Акисыг гэрээс нь баривчилжээ.
  • Мэдээж тэр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа. Буруугүй буруутнуудын нэг авлигын хэргээр “аав”-ынд хэдэн жил суух нь тодорхойгүй.

Сонгуулийн тов ойртож байгаа болоод ч тэрүү манай орны улс төрийн амьдралд халуухан үйл явдал ар араасаа цуварсаар. Үүний нэг нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан явдал байлаа.

Авлигын хэргээр буруутган, сэжигтнээр татах болсон түүнийг удаа дараа тайлбар өгөхийг хүсэн мэдэгдэл хүргүүлсэн ч мэдэгдлийг авахаас татгалзсаны улмаас албадан баривчилсан нь манай оронд төдийгүй дэлхий нийтийн хэвлэл мэдээллээр томоохон шуугиан тариад авсан юм. Гадны хэвлэлүүдээр буруу эх сурвалж авсан уу, эсвэл орчуулгын алдаа ч гарсан уу, ямартай ч “Монголын экс Ерөнхийлөгчийг баривчлахад тусгай албаныхан оролцож, харилцан буудалцаан гарчээ” гэсэн сүржин мэдээлэл ихээхэн тархсан байв.

Албадан баривчилж, ард иргэдийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч буудалцаан гараагүй гэдгийг бид бэлхэнээ мэдэж байгаа. Ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр баривчлагдан,урьдчилан хорих төвд 14 хоног суухаар боллоо. Харин гадны улс орнууд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан улстөрчдийг “хашрааж” байсан ямар түүхтэй юм бол?

Өнгөрсөн оны гол шуугианы эзэн Тимощенко

Украины Ерөнхий сайдаар ажиллаж байсан Юлия Тимощенко 2009 онд ОХУ-тай хийсэн байгалийн хийн гэрээг өөрийн оронд ашиггүйгээр хийж, улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаж баривчлагдсан нь өнгөрсөн онд гол шуугиан болоод байлаа. Эх орноосоо урвасан, төрийн томоохон эрчим хүчний компанийн удирдлагаар ажиллаж байх үедээ хөрөнгө хувьдаа завшсан, зүй бусаар зарцуулсан гэсэн олон хэргийн буруутан болсон Юлия Тимощенко 2011 оны наймдугаар сарын тавны өдөр шүүхийн танхимаас баривчлагдан гарсан юм. Түүнд холбогдох хэргийн шүүх хуралд ирэхдээ Тимощенко хоцорч ирсний дээр амьдран суугаа хаягаа хэлэхээс татгалзан, хоцорч ирсэн шалтгаанаа мөн тайлбарлаагүй тул шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн үзэж Тимощенког сууж байсан ширээг цагдаа нар бүслэн, баривчлан гарч байлаа. Энэ шүүх хурлын үеэр хэвлэлийнхэн, Тимощенког дэмжигчид гээд мянга орчим хүн Печерскийн дүүргийн шүүхийн гадаа цугласан байв. Шүүхээс гэнэт л баривчлах шийдвэр гарсанд Тимощенког дэмжигчид бухимдан цагдаа, цугласан олны хооронд багахан хэмжээний мөргөлдөөн гараад авсан. Тимощенког дэмжигчид түүнийг баривчилсан нь улс төртэй холбоотой хэмээн үзэж Украин даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан юм. Туг, дарцаг барин Тимощенког суллахыг шаардан, ард иргэдээс ч гарын үсэг цуглуулж байлаа. Гэвч тусыг эс олж, шүүх зохих шийдвэрээ гарган Тимощенког долоон жилийн хорих ялаар шийтгэсэн. 2009 онд Оростой хийсэн хийн хэлэлцээр нь хууль бус болсны улмаас ойрын арван жилд Украин улс дэндүү өндөр үнээр буюу 400 доллараар худалдаж авах болсон нь улс орны төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байсны дээр түүнийг хорьсны дараа Тимощенкод өөр олон хэрэг ч үүсгэсэн. Тэр дундаа бүр захиалгат аллагад оролцсон хэмээн буруутгаж байв. Ямартай ч украинчууд хонгорхон Тимощенко нь өөрсдийг нь “араар тавьсныг” ухаарсан уу яасан жагсаал цуглаан тэгсгээд намжсан юм. Гэхдээ түүнийг дэмжигчид өнөөг хэр нь энэ баривчилгаа, хорих ялыг “Ардчилал устсаны шинж” хэмээн нэрлэж, эсэргүүцсэн хэвээр байгаа юм.

Хэрэг хуучирдаггүй

Өнгөрсөн даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Афины шүүх Грекийн Батлан хамгаалахын сайд асан Акис Цохадзопулосыг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан баривчлах шийдвэр гаргав. Тодруулбал одоогоос 10 гаруй жилийн өмнө авлига авсан хэмээн түүнийг буруутгаж байгаа аж. 1996-2001 оны хооронд Акис Грекийн Батлан хамгаалах яамыг тэргүүлж байх үедээ зэвсэг нийлүүлэх хэлэлцээр байгуулахад албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн түүнийг буруутгасан аж. Германаас шумбагч хөлөг онгоц худалдан авах хэлэлцээрээс мөнгө унагасан хэмээн түүнийг ийн баривчилжээ. Хардах болсон шалтгаан нь хэлэлцээр хийж дууссаны дараа Акис Грекийн нийслэлд тансаг харш худалдаж авсан бөгөөд харин чухам хэдий хэрийн авлига авсныг тодорхой мэдээлсэнгүй. Энэ хэргийг хоёр жилийн өмнөөс эхлэн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Акисыг гэрээс нь баривчилжээ. Шүүхийн танхимд удаа дараа очин тайлбар өгөхдөө тэрбээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан тул, гадуур байцаалтанд байвал оргон зайлах магадлалтай хэмээн үзэж ийн өнгөрсөн долоо хоногт гэрээс нь баривчилжээ. Тун удахгүй болох шүүхээс өдгөө 72 настай Акисыг цаашид хорих эсэх нь тодорхой болно. Ямартай ч түүнийг баривчлах үеэр ямар нэгэн үймээн самуун, эсэргүүцэл тэмцэл гарсангүй.

Дахиад л авлига

“Буруугүй буруутнуудын” жагсаалт Египетийн Ерөнхий сайд асан Ахмад Назыфын нэрээр цааш үргэлжилнэ. Орчин үеийн Египетийн хамгийн амжилттай, үр ашигтай ажилласан Засгийн газрын тэргүүнүүдийн нэгд тооцогддог Назыф одоогоос жилийн өмнө, 2011 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу Ерөнхийлөгч Хосни Мубарак огцорсноос хоёр сарын дараа баривчлагдсан юм. Мөн л хууль бусаар баяжсан хэмээн түүнийг буруутгасан. Өнгөрсөн жилжин л хувьсгал тэмцлээр амьсгалж, Арабын ертөнцийг дэнжигнүүлсэн “Арабын хавар”-ын өлгийн нутаг Египетэд төр солигдсоны дараа олон арван өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутган баривчилсны нэг нь Назыфтай холбогдох хэрэг. Түүнтэй хамт хуучин Засгийн газрын хэд хэдэн сайд болон парламентын хоёр танхимын экс тэргүүнүүд баривчлагдан шоронд суусан юм. Түүний хэргийн шүүх хурал эхэлсний дараа Назыфын хоёр хүүг эх орноосоо гарахыг хориглосныг цуцлах хүсэлтийг өмгөөлөгчид нь тавьсан бөгөөд хэргийн нотлох баримтанд үнэнд үл нийцэх баримтууд цөөнгүй байгааг баталж байлаа. Тэр дундаа мөрдөн байцаагчид экс сайдын хөрөнгийг үнэлэхдээ 11.5 сая египет фунт буюу бараг л хоёр сая ам.доллараар хэтрүүлсэн байсныг өмгөөлөгчид илрүүлжээ. Одоо хүртэл түүний хэргийн шүүх хурал үргэлжилсээр байна. Мэдээж тэр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа. Буруугүй буруутнуудын нэг авлигын хэргээр “аав”-ынд хэдэн жил суух нь тодорхойгүй.

Пиночет  Аугусто

2006 оны 12 дугаар сарын 10-нд таалал төгссөн Чилийн улс төр, цэргийн зүтгэлтэн Аугусто Хосе Рамон Пиночет Угарте 1973 оны есдүгээр сарын 11-ээс 1974 оны зургаадугаар сарын 27-ны хооронд болсон цэргийн бослогыг удирдаж бослого тэмцэл дууссаны дараа Чилийн үндэстний дээд тэргүүн. 1974-1990 он хүртэл Чилийн Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байсан, дэлхийн түүхэнд үлдсэн нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг. 1990 онд тус улсад ардчилсан Засгийн газар төвхнөж, Пиночет Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч хуурай замын цэргийн командлагчаар 1998 он хүртэл ажилласан юм. Албан тушаалаа өгсөн ондоо буюу 1998 оны намар Пиночет Лондон хотын нэгэн хувийн эмнэлэгт мэс засал хийлгэн эмчлүүлж байх үеэрээ аллагын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдах дөхсөн юм. Түүнийг баривчлах зөвшөөрлийг Испанийн шүүхээс олгосон бөгөөд Пиночет Чилийг тэргүүлж байх үед Испанийн хэдэн зуун иргэд Чилид алагдаж, ор сураггүй алга болсон тул ийнхүү түүнийг сэжигтнээр татах болжээ. Дарангуйлагч асныг шилжүүлэн өгөхийг Испанийн тал шаардсан ч насан туршдаа Чилийн сенаторын албан тушаалтай тул халдашгүй эрхтэй хэмээн Лондонгийн шүүх үзэж байлаа.

Харин Лордын танхим энэхүү шийдвэрийг цуцалж, баривчилгааг хууль ёсны хэмээн үзсэн юм. Энэ явдлыг харин Чилийн тал хууль бус хэмээн үзэж байв. 1998оны 10 дугаар сарын сүүлзэр Лондонгийн шүүх Пиночетийг барьцаагаар суллах тухай өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг хүлээж авав. Гэхдээ Чилийн дарангуйлагчийг эмнэлэгт, цагдаагийн байнгын хяналтанд үлдээхээр шийдвэрлэсэн юм. 1999 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Лордын танхим 1988 он хүртэл үйлдсэн гэмт хэргийн төлөө Пиночет хариуцлага хүлээхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн ч энэ оноос хойших гэмт хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гарч Пиночетэд 27 хэрэг үүсгэн, Испани улс түүнийг шилжүүлэн авч байв. 2000 оны гуравдугаар сарын хоёрны өдөр Пиночетийн 16 сарын гэрийн хорио дуусч, Чили улс руу нисч, Сантьяго хотын цэргийн эмнэлэгт шилжжээ. Энэ оны наймдугаар сард Чилийн Дээд шүүх Пиночетийн сенаторын халдашгүй эрхийг цуцлан , аллага, хүн барьцаалсан болон тамласан зэрэг 100 гаруй зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна. Гэвч 2001 онд Пиночетийг нас ахиж, ой санамж муудсан хэмээн үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байв. Гэхдээ хэрэг үүгээр дууссангүй, энэ явдлаас хойш түүнийг буруутгасан хэргүүд ар араасаа цуварч, энэ хэргүүдийн жагсаалтанд авлига, хар тамхи, аллага зэрэг онц хүнд гэмт хэргүүд нэмэгдсээр байлаа. Бие барахынхаа өмнөхөн гэхэд л 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр түүнийг 36 хүн барьцаалсан, 26 удаа тамлалт хэрэглэсэн, мөн нэг аллагын хэрэгт буруутган шалгаж байв. Түүнчлэн тэрбээр хар тамхины наймаа, зэвсэг худалдаалах болон татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр буруутгагдаж байлаа. Магадгүй өнгөрсөнд үйлдсэн үй олон хүнд хэрэг нь сөхөгдөж, зогсоо чөлөөгүй ял шийтгэл толгойд нь эргэлдэж байснаас ч тэрүү 2006 оны 12 дугаар сарын гуравны өдөр Пиночет хүнд хэлбэрийн зүрхний шигдээс болж долоо хоногийн дараа Сантьяго хотын цэргийн эмнэлэгт нас баржээ. Түүнийг онц хүнд гэмт хэрэгт буруутгаж байсан тул оршуулгыг нь төрийн хэмжээнд ёслон өнгөрөөгөөгүй юм.

Нэр төртэйгээр  албанаасаа  буусан ерөнхийлөгч

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сараас эхлэн Германы Ерөнхийлөгчийг тойрсон шуугиан тогооноосоо хальж, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, сэтгүүлчид болон олон улсын байгууллагаас Германы Ерөнхийлөгч Кристиан Вульфыг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэмээн буруутгаж байв. Германы Ерөнхийлөгч Вульф Bild сонины сэтгүүлчдийг өөрийнх нь талаар таагүй нийтлэлийг гаргахаа зогсоохыг шаардан дарамталж байжээ. Тодруулбал энэ нийтлэлд танил бизнесменийхээ эхнэрээс 500 мянган еврогийн зээл авсан тухай өгүүлсэн байж. Энэ нийтлэлийн сургийг сонссон эрхэм Ерөнхийлөгч, өөрийнх нь тухай нийтлэл хэвлэгдэн гарвал хэвлэлийн үйлдвэртэй харилцах холбоог нь тасална хэмээн ерөнхий редакторыг нь сүрдүүлжээ. Хэвлэлийнхний амыг барих гэсэн энэ оролдлого нь харамсалтай нь анхных биш байж. Өнгөрсөн оны зун гэхэд л Ерөнхийлөгч Вульф эцэг нэгт эгчтэйгээ харилцах харьцааных нь талаар гаргасан Welt am Sonntag сэтгүүлийг сүрдүүлсэн тухай энэ оны нэгдүгээр сард тус сэтгүүлийн редакциас мэдээлж байлаа. Энэхүү нийтлэлийн зохиогчийг Ерөнхийлөгч ордондоо дуудан авчраад, нүүр тулан уулзахдаа “эвгүй юм болно шүү” хэмээн сүрдүүлсэн аж. Энэ явдал болсноос хойш Германы Ерөнхийлөгч дахиад л хэвлэлийн бай болов. Түүнийг танилаасаа зээл авсан гэдгийг нь анх илрүүлсэн “Bild” сониныхон Вульфыг бусдын мөнгөөр тансаг амралтын газар амарсан гэдгийг баталсан юм.

Сонинд бичсэнээр 2007 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын гуравны хооронд Зюльт арал дээрх “Hotel Stadt Hamburg” зочид буудалд тухалсан зардлыг нь Давид Грёневольд гэгч баян найз нь төлсөн тухай зочид буудлаас баримт олж авсан гэнэ. Энд өгүүлэхэд түүний тухалсан өрөөний талаар ямар ч мэдээлэл тараах, сэтгүүлчдэд “сэжиг авахуулах”-ыг хатуу хориглосон байсан аж. Яагаад ийн нууцлах болсон нь мэдээж сониуч сэтгүүлчдийн “загатнасан газар нь маажсан” хэрэг болсон нь тодорхой. Вульфын амарсан өрөө нь 258 еврогийн үнэтэй байсан бөгөөд сониныхны олж мэдсэнээр Вульф эхнэртэйгээ хэд хэдэн удаа Грёнвольдын мөнгөөр Зюльт арал дээр амарч байсан гэнэ. Харин Вульфын өмгөөлөгч, Грёнвольд ердөө л мөнгө зээлүүлсэн хэмээн тайлбарлаж байжээ. Томоохон гүрний Ерөнхийлөгч амралтаа өнгөрөөчих хэмжээний мөнгөгүй, бусдаас зээл авч явна гэдэг бас л санаанд буумгүй. Ямартай ч өөрийг нь тойрсон дуулиан шуугиан газар авсны улмаас хоёрдугаар сард Кристиан Вульф Ерөнхийлөгчийн албанаас буух хүсэлтээ гаргасан юм. Ийнхүү иргэний зориг гаргасан тэрбээр огцрох болсноо “ Энэ миний хувьд зайлшгүй хийх ёстой алхам. Энэ албанд өөрийгөө бүрэн зориулж чадах Ерөнхийлөгч Германд хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд болсон үйл явдал намайг энэ албанд тэнцэхгүй гэдгийг харууллаа. Тиймээс би огцорч байна” хэмээн тайлбарласан юм. Шүүх цагдаа, хэвлэл мэдээлэл гэж сунжирсан үйл явдал өрнүүлж, бантанд хутгалдаж байхаар өөрөө огцрох хүсэлтээ гаргасан нь түүний хувьд нэрэнд нь цэвэр байсан бололтой.

Өөр нэгэн авлигач
Францын авлигын хэрэгт буруутгагдсан өөр нэгэн улстөрч нь Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жак Ширак. Тэрбээр нийслэлийн даргын албан тушаалд ажиллаж байх үедээ хотын захиргаанд хуурамч орон тоо үүсгэн, мөнгө идэж байсан хэмээн түүнийг буруутгасан юм. Жак Ширакийг шүүхээс “нийгмийн хөрөнгө үрэн таран хийсэн”, “ашиг олох зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан” “итгэл эвдсэн” хэмээн буруутгаснаар 1995-2007 оны хооронд хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан тэрбээр шүүхийн хаалга татсан анхны экс Ерөнхийлөгч болсон юм.

1990-1994 оны хооронд Парис хотын даргаар ажиллаж байхдаа хотын захиргааңд долоон орон тоо зохиомлоор үүсгэсэн, харин 1992-1995 оны хооронд 21 зохиомол орон тоо үүсгэн улсын хөрөнгө завшсан хэмээн шүүхээр буруутгагдаж хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм. Дашрамд дуулгахад шүүх хурлын талаар сэтгүүлчид түүнээс сонирхоход шүүх ажиллагааг ардчиллын чухал илрэл гээд өөрийгөө энгийн иргэн тул шүүхийг хүндэтгэх ёстой хэмээн мэдэгдэж байв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.