Ч.Улаан: Малын шүлхий байгалийн гамшигт нэрвэгдсэн Сүхбаатарчууд маш хүнд өвөлжиж байна
2010.12.15

Ч.Улаан: Малын шүлхий байгалийн гамшигт нэрвэгдсэн Сүхбаатарчууд маш хүнд өвөлжиж байна

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Тойргийнхоо өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаад ирсэн гэж дууллаа. Сүхбаатар аймагт өвөлжилтийн бэлтгэл, малчдын амьдрал, цаг агаарын нөхцөл байдал ямар байна?

-Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Уул Баян, Мөнххаан зэрэг арван суманд ажиллаад ирлээ. Сүхбаатар аймагт энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэлтэй асуудлууд байсан. Гоц халдварт өвчин гарч, есдүгээр сараас арван нэгдүгээр сарыг дуустал хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ хугацаанд хөдөөгийнхөн сум, аймаг руугаа орж чадахгүй, сумынхан нь хөдөө очих, уулзах харилцах боломж хязгаарлагдмал ер нь туйлын хүнд нөхцөлд намаржлаа. Ингээд гоц халдварт өвчний хорио цээр дөнгөж тавигдангуут цаг агаарын байдал амаргүй болж байгалийн хорио цээр тоггоход хүрээд байна. Аймгийн нийт нутгаар нэлээн зузаан цасан бүрхүүл тогтсон. Нимгэн газраа 5-10 см, цас ихтэй нутагг 30 см түүнээс илүү цасан бүрхүүлтэй. Зуншлага сайханорсон нутгаар өвстэй, цас бага, шуураагүй. Ган болсон сумдын нутагт шуурч, цас хатуурч хөрлөсөн, авто машины зам хаагдсан, давхар мөстөй тэрэг л явж байна. Гаргасан зам өдөртөө л алга болж, явган шуурч, цас бага багаар нэмсэн.Онцгой дэглэмийн горимтой байснаас аргал, хөрзөн, өвс, тэжээлээ татаж чадаагүй, малчид идэш, хоолоо хийж чадаагүй хамаг ажил нь зуун задгай, өвөлжилт амаргүй болох нь.Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эрс хүйтэрсэн. Ирэх сарын дундуур олон жилийн дунджаас илүү хүйтэн байх мэдээлэл бий. Нөхцөл байдал иймээс орон нутагт өвөлжилтийн бэлтгэлээ чамбайруулах шаардлагатай. Энэ асуудлаар нутгийн удирдлагууд, иргэд, малчидтай зөвлөлдсөн.

-Малчид өвс хадлан бэлтгэж чадсан уу?

-Харьцангуй гайгүй бэлтгэжээ. Гэхдээ сумынхаа төв рүү татаж нөөцөлж чадаагүй, хадсан газраа нуруулдаад орхичихсон. Дарьганга сумын нутаг Шилийн Богд уулын орчим Наран, Онгон сумын хад-лан байх жишээтэй. Хилийн бүсэд хадсан өвсөө татаж авч чадаагүй газар олон байна. Одоо өвсөө татаж авахад тусгай техник хэрэглэхгүй бол машин хөлөглөж очоод шууд татаад авчих бололцоо алга. Өнгөрсөн жил баруун аймгуудад болсон зудын аюул энэ жил зүүн аймгуудад давтагдаж болзошгүй гэсэн байдал ажиглагдсан.

-Иргэд төрд хандаж ямар санал, хүсэлт дайж байх юм?

-Хөдөөгийн хөдөлмөрчдийн санааг зовоосон хэдэн асуудал байна. Малын гоц халдварт өвчний хорио цээр тогтоогдсон учраас малаас гаралтай түүхий эд, мал мах борлуулж чадаагүй. Үүнээс болж малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон. Хоол унд, хувцас хунар авахад хөрөнгө мөнгө дутагдалтай болсон. Нөгөө талаар өвс, тэжээлээ бэлтгэх гэхээр орлого байхгүй. Малчид давхар, давхар орлогын хомсдол гэдэг зуданд нэрвэгдэх нь. Хот, сууринд байгаа төрөл төрөгсөд, оюутан хүүхдүүдээ идэш, хоол бэлдэж өгөх, сургалтын төлбөр тооцоог хийх асуудал хүндэрсэн байна.Яагаад гэвэл, малчдын орлого олдог ганц эх үүсвэр болсон мал мах нь борлогдохгүй болсон. Сүхбаатар аймгийн хувьд зургаан сарын хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, мал махыг зах зээлд борлуулахыг хориглосон байгаа. Ирэх оны гуравдугаар сарын сүүлчээр дуусна. Үүнээс үүдээд Сүхбаатар аймгийн малчид маш хүнд байдалтай байна. Малчдаас ямар санал гарч байна гэвэл, мал мах зах зээлд борлуулах ажлыг уян хатан, ялгавартай хандалгүй зохион байгуулж болохгүй юу гэж байна зарим суманд шүлхий гараагүй шүү дээ. Шүлхий гарсан ч гэсэн тухайн сумдад малаа эрүүл авч гарч чадсан хот, айл өрх олон бий. Нийтээр нь хориг тавьчихаар нийт малчдад хүндрэлтэй тусч байна. Тиймээс мал эмнэлгийнхэн зайлшгүй шаардлагатай хяналт шинжилгээг нь хийлгэж, шаардлагад нийцэж байгаа мал махыг зах зээлд борлуулах зөвшөөрөл олгуулж өгөөч гэсэн хүсэлт маш их тавьсан. Энэ бол ажил, амьдралын зайлшгүй шийдэх ёстой тулгамдсан асуудал болчихсон байна.

-Малчдад санхүүгийн тусламж үзүүлэх боломж бий юу?

-Хөдөөгийнхөн банкны системээр өргөн үйлчлүүлдэг. Гэтэл шүлхий, гоц халдварт өвчний гурван cap, түүнээс үргэлжлэх зургаан сарын хугацаанд банкныхаа зээлийг төлөх ямар ч бололцоогүй болсон. Тиймээс банк, санхүүгийн байгууллагатай ярилцах, төр засгаас дэмжлэг үзүүлэх, хорио цээртэй байх үеийн хугацааг сунгаж, хөнгөлөлт үзүүлээч. Тэгэхгүй бол малчид зээлээ төлөх чадваргүй болсон гэсэн санал их гарч байна. Баруун аймгуудад өнгөрсөн жил зудын үед зээлийн хугацааг сунгах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авсан. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлуудыг холбогдох байгууллагуудтай ярьж, хөөцөлдөх нь зүйтэй юм.

-Отор нүүдлийг төрөөс зохицуулж, дэмжлэг үзүүлэхгүй бол малчид дангаараа шийдэхэд хүндрэлтэй болов уу?

-Отор нүүдэл хийх зайлшгүй шаардлага гарч байна. Малчид хаашаа нүүх вэ, хаана оторлох вэ гэдгийг нарийн зохицуулж, шийдэж өгөхгүй бол очиж байгаа газар нь хүлээж авахгүй байх, хөөж туух, цас зудтай хүйтэн цаг үеэр нүүдэл суудал хийх амаргүй. Олон дахин нүүдэл суудал хийх бололцоо ч алга. Энэ ажлыг төр засгаас онцгой анхаарч, оновчтой,зөв шийдэж өгөөч гэж малчид ярьж байна. Бид аймаг, орон нутгийн удирдлагуудтай энэ асуудлаар ярилцсан. Одоогоор нүүдэл, суудал хийх чиглэл, отрын нутгийн даацыг тооцсон юм алга. Малчид сургаар, тэнд л гайгүй байна, тухайлбал Сүхбаатар сумын нутаг Буян-Овоо орчим сайхан байх шиг байна гээд нүүж байна. Ингэж тооцоо, судалгаагүй, зохион байгуулалтгүй хандвал туурайн зуд болох аюултай. Тухайн нутагт очсон мал нь бэлчээрийн даацаас хэтрээд хорогдож үрэгдэх, тэнд байгаа малчдаа ч туурайн зудаар нэрвэх давхар гарз хохиролтой учирч болзошгүй. Зэргэлдээ аймгуудын нутаг руу отор нүүдэл хийх шаардлага бас бий. Нарийн ярьж зохицуулж өгөхгүй бол малчдын хооронд бие биеэ ад үзэх, хөөж туух явдал түрүүчээсээ гарч байна. Өвөлжилтийн байдалтай холбогдуулж Онцгой байдлын газраас хүмүүс томилж зудын зэрэглэлийг тогтоон арга хэмжээ авч төр засгаас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.