Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ
2010.09.08

Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ

Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь  аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна. Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа  аж.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Сүхбаатар, Дорнод аймагт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин, формалиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 140.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.