2018.05.24

Ц.Гарамжав: Согтуурах, мансуурах донтой хүнд цогц эмчилгээ хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлд тусгаж, түүнтэй холбогдсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

Энэ хууль цагаа олсон. Мансуурч, согтуурах байдал газар авч байна. Насанд хүрсэн нэг хүнд 23,5 л согтууруулах ундаа оногдож байна. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Хуучин хуулийн хэрэгжилт үр дүн ямар байсан бэ? Цаашдаа ямар үйл ажиллагааг, ямар үр дүнд хүрэх гэж байна вэ? Согтуурах үйл явцыг өвчин гэж байгаа. Ийм учраас эрүүл мэндийн байгууллага, бас сэтгэл судлаач нар хандлага зан үйлд нь нөлөөлөх хэрэгтэй. Төрийн бус байгууллага энэ чиглэлээр нилээн ажилладаг. Иймд төрийн бус байгууллагаа дэмжих хууль эрхзүйн орчин чухал. СХД-т архинд орсон хүмүүсийн 30 гаруй хувь амьдардаг. Монголчууд маань сэтгэл санаагаар их унаж байна. Үүнд анхаарах цаг болсон.

Ажлын хэсэг: Өмнөх хууль олон улсын гэрээ,конвенц зөрчиж байсан. Сайн дураараа эмчлүүлдэг хүмүүс байгаа. Өнөөдрийн хууль бол өөртөө болон өрөөлд хохирол учруулж болзошгүй хүмүүсийг албадан эмчлэх талаар байгаа. Стресс тайлах үйлчилгээ манай улсад үгүйлэгдэж байна.