Улс төрийн хэлмэгдэгсдийн ар гэрт 80 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгоно
УИХ-аас өнгөрсөн хаврын чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Монгол Улс анх 1998 онд хууль баталж, улс төрд хилсээр хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгодог болсон. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг гурван удаа сунгасан бол нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байжээ. Харин сүүлд сунгасан хугацаа нь 2011 оны 12 сарын 30-ны өдөр дуусч, дахин өргөдөл хүлээн авах эрх зүйн орчин байхгүй болсоор даруй 6 жил болсон байна.
Харин энэхүү хугацааг дахин сунгаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар 2017 оны 09 сарын 07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. 2011 оноос хойш удаа дараа өргөн барьж байсан хэдий ч дэмжлэг авч чадалгүй олон жил болсон уг хуулийг энэ удаагийн парламент хэлэлцэн 2018 оны 01 сарын 12-нд эцэслэн баталсан.
Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг аж.
- Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг 2 жилээр сунгаж, 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ. Харин нөхөн олговрын тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгох юм байна.
- Мөн өмнөх хуульд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс ач зээ нарт нөхөн олговор олгодог байсан бол энэ удаад эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан, нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн аль нэгт нь өгөхөөр болжээ. Гэхдээ эдгээр хүмүүсээс өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговорыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
- Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговорыг олгох аж.
Гомдол гаргах журмын тухайд өмнөх хуулийн дагуу явагдана. Тодруулбал, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг уг этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч, түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний орон нутгийн салбарт гаргах юм.
Харин гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорыг газар, Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах юм.