2018.01.12
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хуулийг эцэслэн баталлаа
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговор олгох ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа.