2018.04.06

Ж.Энхбаяр: Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд Киргиз улсад ЭСЯ нээснээр манай улсад ямар ач холбогдолтой вэ? Эдийн засгийн талаасаа ашигтай юу? Гэсэн асуултыг тодруулж байсан. Үүнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орон, Евро Азийн эдийн засгийн гишүүн орнуудтай бүх талын харилцааг хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ бүс нутаг нэгдсэн бодлоготой болсон. Энэ бүс нутаг манай зах зээл. Үүний цаана Монголынхоо зах зээлийг тэлэх боломж бий. Цаашдаа бид Киргизээр тогтохгүй бусад хөрш улс оронтой нь  маш сайн ойртож ажиллах хэрэгтэй.

Манай улс Евро Азид нэгдэж ороход ашигтай юу? Ашиггүй юу? Энэ холбоонд орсон улс орнуудад ямар ач холбогдолтой байсан бэ? гээд нарийвчлан судлах хэрэгтэй.

Нөгөө талдаа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн оронд Энэтхэг, Пакистан улс нэгдэж байна. Бид нэгдэх үү? Үлдэх үү? Бодлого гаргаад явах уу? гэдэг асуудал байна. Энэ бүхэн улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна гэсэн төрийн бодлоготой нийцэж байгаа.