БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулахаар боллоо
Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар БНКУ-ын нийслэл Бишкек хотод Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой юм.
Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай АБГББХ-ны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжжээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад чуулганд оролцсон нийт гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр манай улс БНКУ-ын Бишкек хотод элчин сайдын яамтай болохоор шийдлээ.