Улсын нисэхийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.04.06

Улсын нисэхийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн Засгийн газраас 2018 оны 02 сарын 09-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа.

Төсөл санаачлагчид Улсын нисэхийн тухай хуулиар зохицуулагдах улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, хуульд заасан нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох, албан тушаалын харьяаллыг тодорхой болгох, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд улсын нисэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг тогтоохдоо баримтлах үндэслэлийг тусгах, улсын агаарын хөлгийн ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй холбогдсон харилцааг нэмж тусгах, улсын агаарын хөлгөөр тусгай үүргийн нислэг үйлдсэн тохиолдолд тухайн хэрэглэгч байгууллагаас төлбөрийг буцаан авахтай холбогдсон зохицуулалт, улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгтэй холбогдох харилцааг Агаарын цэргийн командлал хэрэгжүүлэх зохицуулалт, хуульд заасан “арилжааны нислэг” гэдэг нь монгол хэлний тайлбар, Иргэний хуулийн зохицуулалтаар энэхүү төрлийн нислэгийн үйлчилгээ үзүүлснээр эд хөрөнгийг ямар нэгэн эд хөрөнгөөр солих, авах гэсэн утга санааг илэрхийлсэн байгааг “төлбөрт нислэг” гэж өөрчилснөөр тухайн харилцааг хууль зүйн зөв утгаар ойлгож хэрэглэх боломж бүрдэх зэрэг хуулийг боловсронгуй болгох практик хэрэгцээ, шаардлага  байгаа хэмээн үзжээ.

Хуулийн төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Тус байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувь нь дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр АБГББХ-нд шилжүүлэв.