Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ худлаа мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2018.03.28

Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ худлаа мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсгээр авсан. Үүнийг нь нотлох баримтаа хоёр ч удаагийн шүүх хуралд Засгийн газар явуулаагүй гэж яригдах боллоо. Засгийн газар зориудаар ийм үйлдэл хийсэн ч гэж байна. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бидний асуулгад өгсөн хариултын хүрээнд ярина гэдгээ өмнө нь ч хэлж байсан. Тэр хариултын дагуу мэдээлэл өгч байсан. Гэхдээ хариу өгсөн субъект нь өөр мэдээлэл өгсөн байна лээ. Тиймээс хаврын чуулган эхлэхээр дахин асуулга тавина.

Хэрэв Засгийн газрын Хэрэг эрхлэх газар худлаа мэдээлэл өгсөн бол өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Харин өгсөн мэдээллээ нөлөөнд автаж өөрчилсөн бол түүнийг бид эрэн сурвалжлах болно. Ер нь логикийн хувьд сонин зүйл болж байна.

Гарын үсэг дуурайлган зурсныг нь мэдээгүй байж байтал дансанд нь мөнгө ороод ирсэн гэж байгаа юм. Тэр хариун дээр байгаагаар хоёр эх сурвалжаар “Жаст”-ын Ш.Батхүүд шилжүүлсэн байгаа. Гэнэтийн орлого орж ирэхэд түүнийг нь гаргаж өгчихөөд одоо л цаад учрыг нь мэднэ гэдэг нь логикийн хувьд боломжгүй зүйл юм.

Тэгэхээр энд олон зүйлийн учир зангилаа байгаа гэж хардаж байна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дарга нарын шахаа гэж нэрлэгддэг, өөрөөр хэлбэл, наанаа гаалийн бүрдүүлэлт нь өөр, хилийн чанадад арай өөр үнээр зардаг гэх ам дамнасан яриа байдаг. Үүнийг сөхөж байж энэ асуудал тайлагдах болов уу гэж бодож байна. Тиймээс бид нийлүүлэлтийн талаар нэгдсэн асуулга тавья гэж байгаа. Анхаарал хандуулах ёстой. Энэ бол Монгол Улсын татварт төлөгдөх ёстой мөнгө. Үнэхээр үнэн байвал Төрд онц их хэмжээний хохирол учруулсан зүйл болно.

-Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой асуудлаас үүдэн “Оюу-толгой” компанитай байгуулсан гэрээг эргэж харах шаардлагатай гэж ярих боллоо. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ гэрээ ашигтай байсан уу, үгүй юу гэдэгт мэргэжлийн багийн дүгнэлт хэрэгтэй. Түүнээс гэрээнд нэг хүний байр сууринаас хандвал Монгол Улс олон улсын хэмжээнд жижиг харагдах эрсдэлтэй. Миний хувьд “Оюутолгой” төслийн гэрээ сайн, муу болсон гэхээс илүү энд авлигал хээл, хахууль байж уу гэдгийг илүү сонирхож байна. Хэрэв үнэхээр тэр хүний дансанд мөнгө орсон байгаад, тэр нь Швейцариас нотлогдсон бол хариуцлага хүлээх ёстой.

Тэр хүн тайлбартаа найзын мөнгө байсан гэж байсан. Тэгвэл тэр найз нь хэн юм бэ. Яагаад тэр их хэмжээний мөнгийг хилийн чанадад байршуулах үндэслэл гарав. Ямар бизнес хийх гэж байсан бэ. Ер нь бид нэг л зүйлийн төлөө явж байгаа. Монгол Улсад жам ёсны хуулийн орчин тогтох ёстой. Улстөрчид бизнесийн нүдээр өөрийн албан тушаалаа хардаг энэ соёл өөрчлөгдөх ёстой. С.Баярцогт 10 сая ам.долларын бизнес хийх гэж байсан бол үүнийгээ яагаад нууж, байршуулах болов. Үүний цаана тодорхой хэмжээний нөлөөлөл байв уу гээд олон асуудал гарч ирнэ. Ер нь бол АН-ын шийдвэрийг зөв гэж бодож байгаа шүү. Өнөөдөр бидний ардчилсан гэж хардаг, итгэж явдаг бүх орон авлигад хатуу бодлого барьж байна. Жишээ нь, БНСУ гэхэд хоёр Ерөнхийлөгчдөө 30 жилийн хорих ял өгчихлөө. Тэгэхээр бид ийм жишиг рүү явж байж улстөрчид цэвэр болно.

Сэтгүүлч Б.Номин