2018.03.27

Шүүгч нар зөвхөн цалингаараа 1 сая долларын хуримтлалтай болох боломжгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчид хээл хахууль авч, шийдвэр гаргаж хөрөнгөжсөн гэж мэдэгдсэн. Үүнийхээ төлөө уучлалт гуйхгүй, харин ч эсрэгээрээ захиргааны хэргийн шүүгчдийн 2010-2013 оны хооронд гарсан ашиг сонирхолтой байж болохуйц хэргийн шийдвэрлэлтийн баримтыг маргааш албан ёсоор зарлана гэж мэдэгдлээ.

Шүүгч нарын авилга, хээл хахуульд нэрвэгдсэн байх үндэслэл бүрэн бий гэж Х.Нямбаатар гишүүн үзсэн. Учир нь дандсандаа 1 сая доллар, 5 настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг байршуулсан шүүгч байсан гэж мэдэгдсэн. Тухайн шүүгч нь өөрийнхөө цалин урамшууллаар энэ хэмжээний хөрөнгийг хуримтлуулах боломжгүй гэж мэдээлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд үүнийг нотлож, уучлалт гуйх ёстой гэсэн. Гэвч гишүүний хувьд хөдлөшгүй баримттай учраас уучлалт гуйхгүй, дахин баримт дэлгэнэ гэж мэдэгдээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Би хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Нотолдог байгууллага нь хууль хяналтын байгууллага. Би мэдээллүүдээ гаргаж өгнө. Тухайлбал 5 настай хүүхдийн асуудал хүний анхаарал татаж байсан. Би тэр хүүхдийн овог нэр, дансны дугаартай мэдээллийг дугтуйнд битүүмжлээд Шүүхийн ерөнхий зөвлөл болон АТГ-д хүргүүлнэ.