2018.03.27

Л.Оюун-Эрдэнэ: Худал мэдээлэл өгсөн бол ЗГХЭГ хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан асуудалд асуулга тавьсан. Уг асуулгын хариуг буруу гаргаж олон нийтийн дунд эргэлзээ үүсгэсэн гэж ЗГХЭГ буруутгахаар байна. Тиймээс тэдгээр гишүүд дахин асуулга тавихаар болжээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэсийн баяжмалаа 2 өөр үнээр борлуулдаг байж болзошгүй гэж гишүүдийн төлөөлөл үзэж байна. Тиймээс томоохон төслийн борлуулалтад шалгалт явуулахаар боллоо.

Засгийн газар нэр бүхий 5 гишүүний асуултад хариулт өгөхдөө Эрдэнэт үйлдвэрийн дансанд 210 сая долларын зээлийн мөнгө удаа дараа дамжиж байсан гэж тайлбарласан. Үүгээр бол үүсээд байгаа 51 хувийг барьцаалсан асуудлыг тухайн үеийн удирдлагууд гарцаагүй мэдэж байсан болж таарсан. Гэтэл сүүлд энэ мөнгө нь баяжмалын борлуулалтын орлого гэж залруулсан. Тиймээс гишүүдийн асуултад хариулахдаа Засгий газар худал мэдүүлсэн байх боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хэрвээ ЗГХЭГ худал мэдээлэл өгсөн бол өөрсдөө хариуцлага хүлээх ёстой болно. Дунд нь ямар нэгэн байдлаар өгсөн мэдээллээ нөлөөнд авч өөрчилсөн бол түүнийг бид эрэн сурвалжлах ёстой. Логикын хувьд гарын үсэг дуурайлгаж зураад, мэдээгүй байж байтал мөнгө ороод ирсэн гэдэг нь сонин.  Гэнэтийн орлого орж ирэнгүүт гаргаж өгөөд одоо мэднэ гэхээр логикын хувьд боломжгүй.