Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр ашгийг дээшлүүлнэ
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд олон улсын болон дотоодын хөгжлийн түншүүдийн туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Эрүүл мэндийн салбарын засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 545 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 орчим томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг хангах зорилгоор “Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл”-ийг 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар шинэчлэн байгуулж, Зөвлөлийн анхны хурлыг 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулсан.
Уг хурлаас гарсан зөвлөмжийн дагуу Зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлыг сэдэвчилсэн байдлаар буюу “Агаарын бохирдол” сэдвийн хүрээнд, Зөвлөлийн дэд дарга АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн хамтран удирдан явуулж, хуралд Зөвлөлийн гишүүдээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг олон улсын болон дотоодын түнш байгууллагууд, Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг нийт 30 гаруй байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцлоо.
Өнгөрөгч 2 дугаар сарын эхээр ЭМЯ Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийж, өнгөрсөн онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар хэлэлцэж, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. ЭМЯ 2018 онд голлон анхаарч ажиллах 5 чиглэлийн нэг нь Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлэх явдал юм.
Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлыг агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулж байгаа нь санамсаргүй сонголт биш юм. Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна.
Агаарын бохирдлын шалтгаан, үүсгэгч хүчин зүйлс нь янз бүр боловч түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ойрын болоод алсын үр дагавар, хор уршиг нь асар их. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлохыг дэмжих, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгохтой холбоотой бодлогын баримт бичгүүдийг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас санаачлан хандивлагч, түнш байгууллагууд Та бүхний дэмжлэгтэйгээр 2016 онд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх зам” сэдэвт олон улсын зөвлөлгөөн болон 2017 онд “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулсан билээ.
Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын талаас илүү хувь амьдардаг хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байна. Тухайлбал, 2000 онд амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн ам тутамд 791.1 байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 10000 хүн амд 1647.42 болж 2 дахин нэмэгдсэн байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг илтгэх үзүүлэлт юм гэлээ.
Өнөөдрийн хурлаар нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, олон улсад баримталж буй зөвлөмжийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах механизмаа улам боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.
Мөн, хурлын үеэр Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2018-2027-ыг хэрэгжүүлэх салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техникийн туслалцааны төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.