Донорын тухай хуулийг олон нийт талархан хүлээж авч байна
УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр 19-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийж байсан бол өнөөдрийн байдлаар 147 хүнд бөөр, 40 хүнд элэг, найман хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50-250 мянган ам. доллар, зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн асар их дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эс, эд, эрхтэний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулна.