Хонгор нутгийнхан архины эсрэг уриалгад нэгдэв
2011.12.21

Хонгор нутгийнхан архины эсрэг уриалгад нэгдэв

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Нийт 19 сумын иргэд, малчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм. Ингээд орон нутгийн иргэдийн ярьсан санал, хүсэлтийг хүргэж байна.

Аймгийн Засаг дарга архи үйлдвэрлэх,худалдах зөвшөөрөл олноор нь олгожээ

Монгол орон архинд живэхэд ойрхон болж, аюулын харанга дэлдэж буйг сүүлийн үед их хөндөх болсон. Үүнийг хөдөө орон нутгийн иргэд ч мөн байнга хэлж, ярьж байлаа. Тухайлбал, Богд сумын иргэд "УИХ-д архи, тамхи үйлдвэрлэдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь маш зөв санаачилга. Гэтэл яагаад дэмжигдсэнгүй вэ. Архины эсрэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэж саналаа уламжилсан.

 

Мөн Баянговь сумынхан архидалт их байгаа учир төр засгийн хэмжээнд бодлого боловсруулж үүнтэй тэмцэх хэрэгтэй гэв. Шинэжинст сумын иргэд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн архины санаачилгыг дэмжиж байгаа. Сумын төвд архи үйлдвэрлэж, худалддаг цэгүүдийг цэгцлэх хэрэгтэй юм. Сумын Засаг даргад энэ саналаа удаа дараа уламжилж орж уулзсан. Гэвч ямар нэг арга хэмжээ авсангүй. Сумын төв дээр архи худалдаж, үйлдвэрлэдэг 23 цэг байна. Үүнээс 19 нь архи худалддаг. Тиймээс орон нутгийн удирдлагууд ч мөн үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон шүү" гэж анхааруулж байсан юм. Баянбулаг сумынхан архи, тамхины бизнестэй УИХ-ын гишүүдийг ил нэрлэх хэрэгтэй. Манай улсын хувьд тулгамдаад буй номер нэг асуудал архи Улс даяараа анхаарлаа хан-дуулах хэрэгтэй байна. Архинаас үүдэлтэй өвчин эмгэг, гэмт хэрэг ихсэж байгаад иргэд зовниж буйгаа хэлж, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг анхааралдаа авахыг хүсэв. Аймгийн Засаг дарга архи үйлдвэрлэх зөвшөөрлийг өгдөг гэнэ. Гэтэл сумдад архи үйлдвэрлэх зөвшөөрөл олноор олгосон нь иргэд, малчдаас маш их гомдол дагуулж байгааг орон нутгийн удирдлагууд төдий л анхаарч үзэхгүй байна.

 

Мөн төр засгийн төвшинд архи, тамхины ямар нэг бизнес эрхэлдэг хэн ч болов ажиллуулахгүй байлгахыг уриалав. Одоогоор архи, тамхи үйлдвэрлэдэг ямар хүмүүс төр засгийн төвшинд ажиллаж байгааг асуув. УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын санаачилсан Архи, тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг болон мансууруулах бодис зуучилдаг хүнийг УИХ-д нэр дэвшихийг нь хязгаарлах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа хөдөөний иргэд илэрхийллээ.


Нутгийн иргэд уул
уурхайг эсэргүүцэжтэмцэж эхэлжээ

 

Хонгор нутаг байгалийн баялагтайн хэмжээгээр байгаль орчин сүйдэж, хүн малд ямар их гарз хохирол тохиож буйг дор бүртээ хэлж байлаа. Шинэжинст сумын II багийн нутагт "Эрдэнэ Монгол"компани нүүрс олборлодог аж. Гэвч тэндээс гарсан нүүрс шаталт муутайгаас гадна уурхайнхан ямар ч зам засаж, янзлаагүйгээр тээвэрлэж байгаа нь газрын хөрсийг сийрэгжүүлж, мал, хүндээ сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Мал бэлчээрлүүлэх газар нутагт нь хаа дайгүй өрөмдөж, нүх ухсан байна. Иймээс хатуу хучилттай зам тавьж байж тээвэрлэлтээ хийхийг тус компаниас иргэд шаардаж байгаа гэв. Уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн 108 иргэн гарын үсгээ зурж аймгийн Засаг даргад өгчээ. Гэсэн ч одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа гэлээ. Энэ нутагт уул уурхай ашиглах зөвшөөрлийг хэн, хэрхэн өгснийг иргэд мэдэхийг хүссэн ч засаг захиргааны удирдлагууд нь ямар ч тайлбар өгөөгүй юм байна.

 

Түүнээс гадна "Диронг Монгол", "Говь коал" компани нүүрс олборлодог бол "Эрдэнэ Монгол" хэмээх зэсний томоохон нөөцтэй компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь зөвхөн ганц сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулж  буй томоохон уурхайтай компани юм. Мөн Баян-Өндөр суманд гэхэд хайгуулын лиценз олгосон газрууд олон бийг иргэд нь дуулгав. Уул уурхай ажиллуулах юм бол заавал зам, дэд бүтцийг нь тавиулж байхыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Бөмбөгөр сум бол аймгийнхаа хувьд! хамгийн олон уурхай ажилладаг нь. Алтны золиос болсон сум гэхэд хилсдэхгүй. 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутагт орох ёстой 10 хувь нь огт орохгүй байгаа гэнэ. Маш их лиценз олгосноос болж өвөлжих газар нутаггүй боллоо гэж халаглацгааж байна. Урт нэртэй хуулийн дагуу компаниудад олгох нөхөн төлбөрийг байгаль орчин сэргээхэд нутгийнханд нь өгөх талаар ч тэд хөндөв. Харин Бууцагаан сумынхны хувьд олгосон лицензүүдийн талаар орон нутгийн удирдлагууд цаг тухайд нь тайлбарлаж байхыг хүсэж байна. Эл суманд Засаг дарга болсон хүмүүс дөрөвхөн жилийн хугацаанд машин авч унаад, дэлгүүртэй болоод явчихдаг нь лицензтэй холбоотой гэж иргэд үзэж байгаа юм. Гурванбулагийнхны санааг зовоосон том асуудал уул уурхай. Яагаад гэвэл ундны усны эх үүсвэр дээр алт олборлох зөвшөөрөл олгосон учир сумаараа тэмцлээ илэрхийлжээ. Сумын төвөөс 1.5 км-ийн зайтай Өвөр хөшөө гэдэг газарт "Жи энд юу гоулд" компани алт олборлохоор зөвшөөрөл авч. Нутгийн иргэд тэмцлээ илэрхийлж хоёр ч техникийг нь сумын төвдөө авч ирж, ажлыг нь хийлгэхгүй байх арга хэмжээ аваад байгаа гэнэ. Мэргэжлийн хяналтын газрынхан ирнэ гэснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Төрийн байгууллагууд нь анхаарч үзэхгүй байгаа учраас нэг өдөр ажлаа эхлүүлчих вий гэсэн айдастай сууна. Энд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга Д.Амарсанаа өгчээ. Тиймээс энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох талын бүх арга хэмжээг авч өгөхийг иргэд хүсэж, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад хандсан юм. Х.Баттулга сайд тухайн компанийнхан болон зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргатай уулзаж, асуудлыг дамжуулж өгөхөөр болов.

 

Баянхонгорын бүх сумын төв шинэ болно

Сум бүрийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт барилгуудын чанар муудсан. 1960-1980 оны хооронд баригдсан элэгдэж хуучирсан байдаг. Их засварт ордог хэдий ч байнга засаж сэлбэх гэсээр төсвийн мөнгө ургүй зардал болж дуусдаг. Мөн шинээр барихаар сонгон шалгаруулалт явуулахад тендерт ялсан компаниуд чанаргүй барилга барьж, иргэдийг хохирсоор байгаа юм. Жишээлбэл, Гурванбулаг сумын эмнэлгийн барилга дөнгөж өнгөрсөн жил бариг-даж дууссан ч одоо хана нь цуурч, цонх нь мөстөн, зарим өрөө нь гэрэл цахилгаангүй болсон төдийгүй өвөлдөө 0-2 хүртэл хүйтэн байх болжээ. Мөн тендер авсан зарим компани нь барилгын ажлаа дөнгөж эхлүүлээд хаяад алга болсон тохиолдол ч бий.

 

Бууцагаан сумын соёлын төвийн барилгын тендер авсан "Жи энд юу гоулд" компани өөр компанид ажлаа шилжүүлсэн боловч одоогоор ямар ч сураг чимээгүй алга болжээ. Богд сумын "Их богд" ахлах сургуулийн барилга баригдаад 70 жил болсон гэнэ. Дээвэр цоорхой, суулт өгсөн, хуучны модон байшин учраас гал гарах аюултай. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан гэх боловч тодорхой зүйл хийсэнгүй. Бүсийн төв сургууль учраас цаашдаа сурагчдын тоо өсөх хандлагатай байгаа гэв. Баянхонгор аймгийн бүх суманд иймэрхүү жишээ бий. Барилга байшингийн засвар, баригдсан шинийнх нь хувьд чанар хөндөгдөж нэлээд хугацаа өнгөрлөө.Харин үүнийг шийдэх арга зам байгаа аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт багтсан "Шинэ сумын төв" төсөл энэ бүх барилга байшингийн асуудалд хариулт өгч байгаа юм. Орон нутгийн хуучирч, муудсан барилгуудад жилдээ 10-12 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж завсар хийдэг. Мөн шинэ барилгын чанар жилээс жилд муудаж байгааг иргэд хэлдэг.

 

Тиймээс манай улстай уур амьсгал, цаг агаарын нөхцөл ойролцоо Канадын дэлхийд шалгарсан технологи ашиглахаар болжээ. Канад технологи гэж нэрлэгддэг энэ аргаар байгальд ээлтэй, өртөг бага, эрчим хүчний хэмнэлттэй, бат бөх, дулаан, цаг хугацаа бага шаарддаг барилга юм. Газрын гүний дулааныг ашиглаж байшингуудын халаалтыг шийдэх юм байна. Канад улсаас оруулж ирэн угсарч барих учраас барилгын материалаас хулгайлж, хумслах зэргээс эхлээд бэрхшээлүүд аяндаа цэгцэрнэ гэсэн үг. "Шинэ сумын төв" төсөл хэрэгжсэнээр 820 хүүхдийн багтаамжтай сургууль, 280 хүүхэд багтах дотуур байр, 28 ортой эмнэлэг, 180хүүхдийн цэцэрлэг, 200 хүний багтаамж бүхий соёлын төв, сумын захиргааны барилга зэрэг нэг дор төвлөрнө. Баянхонгор аймгийн бүх сумд энэ төсөлд хамрагдаж байгаа. Ирэх оны улсын төсөвт бүх сумын төвийн зураг төслийн нь хөрөнгийг тусгажээ. Зураг төслийг гаргачхаад хөрөнгө санхүү олж, ажлыг гүйцэтгэхэд дөхөмтэй болох юм. Харин хамгийн эхний ээлжид Өлзийт сум шинэ сумын төвтэй болно. Баруун аймгууд руу явах замд байх Өлзийтийн шинэ төвийнхэн бүхэнд жишээ болон харагдах юм байна. Ийнхүү санал гомдол салдаггүй барилгын засварын ажил, бүтэлгүй тендерүүд цэгцрэх нь хэмээн хонгор нутгийн иргэд баяртай байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.