2018.02.22

"Жаст"-ын Батхүүгийн хураагдсан хөрөнгөөр Эрдэнэтийн барьцааны өрийг төлөх үү?

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд алдах магадлалтай болсон учраас олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал маргаан дагуулаад байна.

Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх учраас өр төлбөрийг төлөхөөс аргагүй гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь дотоодын шүүхээр дахин авч хэлэлцэх боломжтой гэсэн асуудлыг ярьж байна. Засгийн газар хуурамч гэгдэх гэрээг монголдоо авчираагүй хэрнээ энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр шамдаж байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.

Хуурамч гарын үсгээр Африкын Стандарт банкнаас зээл авсан гэсэн тайлбар гарч байгаа боловч олон улсын Арбитрын шүүх нь монголын тал төлөх шийдвэр гаргасан. Гэхдээ Арбитрын шүүхийн шийдвэрийг монголын тал дахин авч хэлэлцэх эрх нь олон улсын конвенцын хүрээнд нээлттэй байгаа гэсэн санал гарч байгаа. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг эцсийнх байна гээд Үндэсний шүүхээрээ авч хэлэлцэх боломжийг нь хуулийн өөрчлөлтөөр үгүй болгочихсон гэсэн шүүмжлэл гарч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Монголын шүүхээр давхар хэлэлцэх боломж байхгүй. Арбитрын шүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол тэд Хятадад гомдол гаргана. Манайх Хятадаар дамжуулж зэсийн баяжмал гаргаж байгаа. Хятадын зүгээс маргаантай бараа авахгүй гэвэл Эрдэнэт үйлдвэр дампуурна. Хуучин хуулин дээр ганц хоёр гарц байсан. Гэтэл НҮБ-ын конвенцод орно гээд өөрчлөлт хийснээр боломжгүй болсон."

Эрдэнэт үйлювэрийн 51 хувийг барьцаалж, зээл авсан гэх "Жаст"-ын Батхүүгийн өмнөөс төр яагаад өрийг нь төлөх ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл түүний эзэмшиж байсан банк, бензин клонк, үйлдвэр зэрэг бүх хөрөнглийг төрөөс хурааж авсан учраас түүний өмнөөс хохиролыг нь барагдуулах үүрэг хүлээж байгаа гэж хуульчид онцолж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Анхнаасаа хувийн банкыг улсынх болгоод авчихсан. Хадгаламж банк бол Төрийн банк. Төрийн банк төлөх үү, Эрдэнэт төлөхүү гэдэг нь ялгаагүй болчихсон. Яагаад тэрийг шууд авсан бэ гэдэг нь ойлгомжгүй. Ямар ч шүүхийн шийдвэргүй байхад нь бүх хөрөнгийг нь хураагаад авсан. "Жаст"-ын Батхүү бүх хөрөнгөө хураалгачихсан учраас төлөх мөнгө байхгүй гээд сууж байж магадгүй. Энэ бол маш том бүлэглэлүүдийн асуудал. 2006 оноос явж байгаа асуудал.

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал: Батхүүгээр төлүүлье гээд шийдвэр гаргая гэхээр Батхүү нь хөрөнгөгүй болсон. Тухайн үедээ зээл авч байхдаа хөрөнгөтэй байсан. Гол хөрөнгийг нь монголын төр хурааж авсан. Эрдэнэт үйлдвэр бол төрийн өмчит үйлдвэр. Хурааж авсан өмчийг нь борлуулах байдлаар төр хохиролыг нь барагдуулах ёстой.