Б.Баттөмөр: Өнөөдөр УИХ-ыг тараана гэж байгаа хүмүүс бүгд л сонгуульд ялагдсан хүмүүс
2018.02.13

Б.Баттөмөр: Өнөөдөр УИХ-ыг тараана гэж байгаа хүмүүс бүгд л сонгуульд ялагдсан хүмүүс

УИХ-ын гишүүн Б. Баттөмөртэй ярилцлаа.

-Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Намрын ээлжит чуулган хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэсэн. Үүний үр дүнд манай улсын эдийн засгийн байдал сайжирч байна. Өнгөрсөн онд татварын орлого нэг их наяд төгрөгөөр давж биел-сэн. Мөн гурван тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлж, 20 тонн алт худалдаж авлаа. Зээлжих зэрэглэл “С” зэрэглэлээс “ВЗ” үнэлгээ рүү ахисан байна. Гадаад худалдаа 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байгаа. Манай улсын хувьд 1.9 тэрбум ам.доллар гэдэг маш том хэмжээ юм.

 Хятад Улс өнгөрсөн онд 500 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байсан. Хүн ам нь манайхаас 450 дахин их байдаг энэ улсын гадаад худалдаа нь 500 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Ийм өөрчлөлтүүдийг хийж, эдийн засагт томоохон ахиц гарлаа. Тулгамдсан ерүүдээ барагдууллаа. Хамгийн сүүлд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг бага хүүтэй бондоор барагдуулаа. Гаднын хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байна.

Гаднын хөрөнгө оруулалт 2016 онд хасах 200 сая ам.доллар болсон байсан. Тэгвэл өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ мэт үзүүлэлтүүд сайн гарч байгаа. Гэхдээ энэ өөрчлөлтүүд иргэдийн амьдралд шууд тусч өгөөжөө өгөхөд тодорхой хугацаа хэрэгтэй. Энэ оны сүүлчээс эхэлж, эдийн засагт бодит өөрчлөлтүүд мэдрэгдэнэ.

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хуульд өөрчлөлт оруулах болсон шаардлага нь юу вэ?

-Нэгдүгээрт, Төв банкны болон Банкны тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Хоёрдугаарт, банканд мөнгөө хадгалуулж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүссэн. Гуравдугаарт, Олон улсын даатгалын байгууллагаас 16 стандарт гаргасан. Энэ стандартыг Монголын хөрсөнд суулгах хэрэгцээ бий болсон юм. Тиймээс хуульд өөрчлөлт орууллаа.

-Хуулийн гол өөрчлөлтүүд нь юу юм бол?

-Ер нь даатгалын системийг санхүүгийн хямралын эсрэг хэрэгжүүлдэг, санхүүгийн чухал бүтээгдэхүүн гэж үздэг. Хадгаламжийн даатгал нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Манай улс Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулаад дөрвөн жил боллоо. Энэ хугацаанд 337 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгосон байна. Анх Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, Засгийн газраас 47 тэрбум төгрөг өгч 97 тэрбум төгрөгийн хуримтлалтайгаар байгуулж байсан. 

Энэ хөрөнгө өнөөдөр 337 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг хадгаламж төвлөрүүлсэн банкуудаас хураамж авах хэлбэрээр бий болгодог. Энэ хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлага бий болсон. Түүнчлэн өмнөх хуулиар 20 сая төгрөг хүртэлх даатгалыг төлөх хуулийн зохицуулалттай байсныг хэвээр үлдээсэн.

Хадгаламжийн даатгалын үндэсний хороонд Санхүүгийн зохицуулах хорооны УИХ-аас томилогддог гишүүнийг оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн даатгалын санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээл, цаашлаад Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбох үүднээс ингэж шийдсэн.

Түүнчлэн Хадгаламжийн даатгалтай холбоотой хяналт, шалгалтыг Монголбанкинд хүсэлт тавьж явуулдаг байсан юм. Харин одоогийн нэмэлт өөрчлөлтөөр хяналт шалгалтыг Хадгаламжийн даатгалын корпораци өөрөө хийдэг зохицуулалт оруулж өгсөн. Энэ утгаараа хадгаламжтай иргэдийн хөрөнгө баталгаатай, эрсдэлгүй хадгалагдах нөхцөл бүрдэж байна. Сая ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу арилжааны банкуудад активын үнэлгээ хийсэн.

Үнэлгээгээр манай улсын банкууд ямар нэг зөрчилгүй, төлбөр төлөх чадварт нь хүндрэл гараагүй гэж үнэлсэн. Үүнээс харахад манай улсад банк дампуурах магадлал бага байгаа. Энэ таатай үед банкин дахь хадгаламжийг даатгах нь санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгахад чухал юм.

-Хадгаламжийн даатгалын менежментийг сайжруулах шаардлагатай гэлээ. Өмнө нь энэ чиглэлээр ямар ажил хийж байсан юм бол. Хуульд өөрчлөлт оруулснаараа ямар ахиц гарч байгаа вэ?

-337 тэрбум төгрөгийн хөрөнгө цугларсан байгаа гэж дээр хэлсэн. Нэгдүгээрт, энэ хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газраас үнэт цаас худалдаж авах эрхийг олгосон. Хоёрдугаарт, Монголбанкнаас гаргаж байгаа үнэт цаасыг, гуравдугаарт, Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагаас “A3” үнэлгээ авсан ямар нэг улсын Төв банкны үнэт цаасыг худалдаж авах юм.

Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй бус найдвартай зүйлд хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөх хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Энэ дүрмээрээ явахад ямар нэг асуудал үүсэхгүй, хадгаламжийн даатгалын хэмжээ нэмэгдэнэ гэж үзсэн. Манай улсад нийт 17.4 их наяд төгрөгийн харилцах хадгаламж байна. Энэ нь манай улсын татварын орлогоос хоёр дахин их мөнгө юм. Энэ мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний хураамж бий болбол банкууд хураамжаас чөлөөлөгдөж болно гэж хуульд тусгасан.

Одоогоор нийт хадгаламжийн 7.8 орчим хувьд нь хүрэлцэхээр мөнгө байна. Тиймээс Хадгаламжийн даатгалын корпорацид хуримтлагдаж байгаа мөнгө нь даатгалын тохиолдол бий болоход хохирлыг бүрэн барагдуулах боломжтой.

-Харилцах хадгаламжийн хөрөнгийн хэдэн хувь нь иргэдийн хадгаламж байгаа вэ. Тоон мэдээллийг хуваалцаж болох уу?

-Нийт 17.4 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас есөн их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна. 4.3 их наяд нь байгууллагын харилцах дансанд байгаа хадгаламж. Гэхдээ цаашдаа хадгаламжийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Хадгаламжийн 90 орчим хувь нь 20 саяас доош төгрөгийн хадгаламж байгаа юм. Иймээс хадгаламж эзэмшиж байгаа 10 хүний есийнх нь эрх ашиг бүрэн хамгаалагдаж байна. Үүнийг зарим хүмүүс их мөнгө гадагшаа гарчих юм байна гэж ярьдаг.

Хадгаламжинд хамгийн их хүү өгч байгаа улс бол Монгол.

Өнөөдөр хадгаламжийн хүү 13-15 хувь байна. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид гадагшаа явах нь чөлөөтэй боловч өөр хаана ч ийм өндөр хүүтэй хадгаламж байхгүй. Дээр нь активын чанарын үнэлгээ хийж, даатгуулчихлаа. Тиймээс ихээхэн мөнгөтэй хүмүүс манай банкуудад мөнгөө хадгалуулах сонирхолтой байгаа.

-Бусад орны жишгээс харахад давхар даатгадаг юм байна лээ. Манай улсын хувьд хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?

-Одоогоор тийм эрх зүйн орчин бүрдээгүй л байна. Ер нь зөв зохион байгуулж чадвал үр ашигтай хэлбэр. Гэхдээ даатгуулах тусам үйл ажиллагааны зардал ихэснэ ч гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Ирэх хаврын чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ. УИХ-ын гишүүний хувьд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Бид банкны хуулиудыг үргэлжлүүлэн шинэчилнэ. Валютын зохицуулалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг батлуулж хэрэгжүүлнэ. Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

Мөн татварын багц хуулиуд болох Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлтүүд хийнэ. Энэ эрчээрээ явбал дампуурлын ирмэгт байсан Монгол Улсад 2020 онд эдийн засгийн нааштай үзүүлэлт гарч, хүн амд бодит өөрчлөлтүүд мэдрэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

-Хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөхөөр оруулсан байсан. Хуулийн төслийг боловсронгуй болгож, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг илүү өндөржүүлнэ гэсэн. Чуулганы хуралдаанд суудаггүй, ёс бус асуудалтай холбогддог зэрэг асуудлыг ч хөндөх юм байна. Таны хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Ер нь дэгтэй, журамтай байх ёстой. Гэхдээ гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр шийдэгдээгүй байхад тааж ярьж болохгүй шүү дээ. Тийм учраас үүнд ул, суурьтай хандах ёстой.

УИХ-ын гишүүн чуулганд суухаас гадна тойрогтоо ажиллах, тойргоо төлөөлж байгаагийн хувьд гадагшаа явах, туршлага судлах гээд маш их ажилтай байдаг. Тиймээс чуулганд 100 хувь суух боломж байхгүй.

-Гэхдээ энэ парламентад чуулгандаа бараг суудаггүй гишүүд байгаа шүү дээ?

-Ганц хоёр удаа суудаг гишүүдийн хувьд бол тийм байж болохгүй л дээ. Долоо хоногийн хоёрхон өдөр болж байгаа чуулганд ажлаа зохицуулж, суухыг бодох ёстой. Мөн хувь хүн УИХ-ын гишүүний шаардлагад нийцэхгүй бол эгүүлэн татах асуудал нь чөлөөтэй байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг улс төр болгож болохгүй. Нэг нөхөр сонгуульд ялагдсаныхаа дараа янз бүрийн зүйл зохион байгуулж, сонгогдсон гишүүнийг эгүүлэн татуулах гэдэг.

Өнөөдөр УИХ-ыг тараана гэж байгаа хүмүүс бүгд л сонгуульд ялагдсан хүмүүс. Тиймээс энэ асуудлыг ялгаж салгах хэрэгтэй байна. Үнэхээр чадаж байгаа нь ажлаа хийж, чадахгүй байгааг нь эгүүлэн татахад асуудал байхгүй. Энэ утгаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Энэ хуульд гишүүний хувьд ямар өөрчлөлтүүд оруулах шаардлагатай гэж бодож байгаа вэ?

-Одоогоор УИХ-ын тан-хим 76 гишүүнтэй, долоон байнгын хороотой. Гэтэл энэ бүтцэд хөгжлийн байнгын хороо зайлшгүй хэрэгтэй байна. Эдийн засгийн байнгын хороо хөгжлөө тэр бүр ярьж чадахгүй байна шүү дээ. Ер нь манай улс хөгжлийн асуудлаа дандаа хоёрдугаарт тавьж байна.

Төрийн захиргааны төв байгууллага, хөгжлийн яам гэж байх ёстой байтал байдаггүй.

Хөгжлийн яам байгуулах талаар ярьж байсан хэдий ч 2016 онд Засгийн газар байгуулж чадаагүй.

УИХ-д ч энэ бодлогоо хариуцсан газар байдаггүй. Тухайн хууль, өдөр тутмын амьдралаасаа илүү гарахгүй байна. Үүнээс болж том төслүүдээ хөдөлгөж, шинжлэх ухаанаа хөгжүүлж чадахгүй байгаа. Бид дэлхий нийтээр ярьж байгаа блокчейн технологийн учрыг одоог хүртэл олж чадаагүй байна шүү дээ. Хөгжлөөрөө түрүүлж, дэлхийтэй хөл нийлүүлж, мухардлаасаа гарснаар бид зорилгодоо хүрнэ. Хойноос нь хөөгөөд амжилтад хүрэхгүй.

УИХ 1.8 cap ажиллахад хөгжлийн асуудлаа ярьж байгаа байнгын хороо ховор байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаа хөгжлийн асуудал гэж ойлгож болох ч Монгол Улсын хөгжлийн асуудал, шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх, бусад орнуудтай интеграци буюу “Нэг бүс нэг зам”, ‘‘Торгоны зам” зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого үгүйлэгдээд болохгүй байна. Уг нь Засгийн газар үүн дээр сайн ажиллах ёстой. Мөн УИХ-д ямар нэг бүтэц байх ёстой гэж бодож байна.

Сэтгүүлч Б.НОМИН