Буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг шаардав
2018.02.12

Буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг шаардав

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар УИХ-ьга гишүүн С.Эрдэнэ арав хоногийн өмнө Ерөнхий сайдад асуулга тавьсан.

Тэгвэл Ж.Энхбаяр нарын таван гишүүн мөн уг асуудлаар Ерөнхий сайдад хандлаа. Гэхдээ асуулга бус асуулт хүргүүлж байгаа аж. Энэ нь Засгийн газар богино хугацаанд хариу өгөх ёстой гэсэн үг юм.

Ерөнхий сайдад тавьсан асуултын талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ бол нам бүлгийн биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйлтэй бид санал нийлэхгүй. МАН шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Асуулт хүргүүлсэн гишүүд арбитрын шүүхийн шийдвэрийг аж ахуйн нэгжийн асуудал биш хэмээн харж байгаа аж.

УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой арбитрын шүүхийн шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгснийг дээрх гишүүд онцолж байсан юм.

Ерөнхийлөгчийн хувьд “Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гаднын банкны зээлийн барьцаанд тавьж алдахад хүрч буй талаар олон жил ярьж шуугисан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Зээл авсан хүн, төрийн өмчөөр баталгаа гаргахад нь зуучилсан, дэмжсэн, баталгаа гаргасан албан тушаалтнууд нь тов тодорхой байхад арбитрын шүүх дээр баримтаар нотлогдсоор байхад хэдий болтол хараагүй, сонсоогүй, юу ч болоогүй мэт мэлзсээр, мэлэрсээр суух юм бэ. Та бүхэн сайхан амлаж, бүх эрх мэдлийг авсан хэрнээ асуудлыг шийдэх бус булзаж, тойрох гэсээр байгаад дугжирсан асуудалдаа залгиулчихлаа. Эрдэнэт үйлдвэрийн орлого, санхүү шүүхийн шийдвэрээр барьцаалагдах болж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн болсон байна. Яаралтай энэ асуудлыг шийдээч, гэм буруутнуудад хариуцлагаа тооц” хэмээж байв.

Эрдэнэт үйлдвэр бол Монголын ард түмний өмч, улс орныг нуруундаа үүрч яваа стратегийн томоохон орд. Тиймээс үүнтэй холбоотой зээлийн асуудлыг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Ямар нэг албан тушаалтан оролцсон, холбогдсон, шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой гэдэг үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Эрдэнэтийн тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг.

Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа Стандарт банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэдэг нь харагдаж байна гэсэн юм. [ЗГМ]

Сэтгүүлч Б.Сэлэнгэ