Л.Оюун-Эрдэнэ: Бид бүрэн эрхийн хзрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юмуу, бэлэн материал өгч болно
2018.02.12

Л.Оюун-Эрдэнэ: Бид бүрэн эрхийн хзрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юмуу, бэлэн материал өгч болно

УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон юм.

Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Энэ мэдээллээ цаг алдахгүй авах үүднээс асуулга бус асуулт тавьж байгаа хэмээн тайлбарласан. УИХ-ын гишүүн асуулт тавьсан тохиолдолд 14 хоногийн дотор хариулт өгдөг хуулийн зохицуулалттай.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-“Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт”-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж,   баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт”- ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-“Эрдэнэт"-ийн 51 хувьтай холбоотой анхаарал хандуулах ёстой олон асуудал байна. Энэ асуудал 2013 оноос хэвлэлээр гарч эхэлсэн. Яг үнэндээ УИХ-ын гишүүд хүртэл мэдээлэл, ойлголтгүй явж байгаа. Энэ зээлийг олгоход хэн баталгаа гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн юм уу, үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг хүү торгуульд өгчөрч байгаа гэх мэт мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Нууц биш мэдээллийг нууц гэж тайбарладаг, бодит мэдээлэл өгдөггүй байдал даамжирч байна. “Эрдэнэт" үйлдвэр, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар манай Авлигын эсрэг парламентын бүлэгт хандаж болно. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юм уу, бэлэн материал өгч болно. Ингэснээр хардлага дагуулсан асуудалд цэг тавина. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болгон зарлаж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой. Авлигатай холбоотой олон асуудал гардаг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Энэ бол нам бүлгийн асуудал биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйтэй бид санал нийлэхгүй. Ардын нам шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ. Хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.