Д.Оюунхорол: УИХ-ын гишүүний насны босгыг тогтоох нь зүйтэй
2018.02.19

Д.Оюунхорол: УИХ-ын гишүүний насны босгыг тогтоох нь зүйтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой цөөн хором ярилцлаа.

-Намрын чуулган үр дүнгүй, талцаж хуваагдсан гэдэг шүүмжлэл дагууллаа. Хаврын чуулганаас маш өндөр хариуцлага хүлээгдэхээр байна. Нэн тэргүүнд ямар хууль тогтоомж хэлэлцэх шаардлагатай вэ?

-Намрын чуулганыг үр дүнгүй болсон гэж бодохгүй байна. Амжилттай хуралдаж, хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж чадсан гэж харж байгаа. Хаврын чуулганы эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь чухал. Нэг жишээ хэлэхэд, Монгол Улсад өнөөдөр усны системийн тогтолцоо дампуурсан байгаа. Гүйцэтгэх засаглалын ажилд УИХ хэтэрхий их хутгалддаг.

Тиймээс энэ мэт алдаануудыг засах, төрийн ажлыг гацаалгүй үргэлжлүүлэхийн тулд байр байранд нь тавих шаардлагатай олон зүйл байна. Өнөөдрийн Монголын ард түмний төрийг үнэлэх үнэлэмж муудаад байгаагийн шалтгаан нь Үндсэн хуульд байгаа юм. Парламент, Гүйцэтгэх засаглал нь хийх ажлаа л хийдэг, Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, чөлөөлдөг эрхийг нь өгчихмөөр байгаа юм.

УИХ-ын 76 гишүүн сайд нарыг томилох ажилд оролцоод байгаа учраас нөгөө л сандал суудлын хэрүүл маргаан явсаар байгаад эцсийн дүндээ Засгийн газрыг тогтворгүй ажиллахад хүргэж, улс орны хөгжлийн бодлогын асуудлууд орхигдож байна. Улмаар төрийн залгамж чанар алдагдах алдаанууд гарч байна гэж харж байгаа. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэн тэргүүнд ярих шаардлага бий юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар хуулийг хөндөж ярих нь чухал вэ?

-Улс төрийн намуудын тухай хуулийг хэлмээр байна. Цаашид улс төрийн намуудаа хэрхэн яаж бэхжүүлэх вэ, мөнгөнөөс яаж ангид байлгах вэ, боловсон хүчнийхээ бодлогод хэрхэн яаж оновчтой ханддаг байх вэ, улс төрийн намуудын хариуцлагыг яаж амь оруулах вэ, зөвхөн сонгуулийн үеэр улс төрийн намууд идэвхжээд, бусад үед нь унтаа байдалтай байх уу, үгүй юү гэх зэрэг олон асуудлыг хөндөж ярих ёстой юм.

Бодлогын түвшинд нэгэнт төрийн институцыг нь байгуулаад, улс төрийн намууд авч явж байгаа юм бол улс төрийн хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд ч нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэдэг. Сонгодог парламент бол өнөөдөр магадгүй холимог, эсвэл пропорциональ систем авах нь зөв ч байж мэднэ.

Магадгүй өнөөдөр жижиг намууд парламентад орж ирж суух боломж нь өндөрсөнө. Улс төрийн намуудын хариуцлага сайжрах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Гэхдээ аль ч хувилбараар явах байсан ядаж жилийн өмнө сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүст сонгуульд ингэж оролцох юм байна аа гэсэн боломжийг нь олгож өгөх хэрэгтэй юм. Мөн нэг яригддаг асуудал бол сонгуульд өрсөлдөх хүмүүс нь ямар хүмүүс байх вэ, хэдэн настай байх ёстой вэ гэх асуудал хөндөгддөг.

Улс төрд гарч ирж байгаа залуус төрд бэлтгэгдэж чадаж байна уу, алдаа онооных нь дэнс нийтдээ УИХ-ын алдаа оноо болж харагдаад байгааг хэрхэн засч, залруулах вэ гэж яригдаж байгаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлтөд оруулах асуудлыг хөндөхдөө ард нийтийн саналыг маш сайн сонсох ёстой.

-УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг мөн энд хөндөх байх?

-Мэдээж тийм. УИХ-ын гишүүдэд хэрхэн хариуцлага хүлээлгэдэг байх вэ гэдэг асуудлыг нарийн тусгаж өгөх шаардлагатай. Түүнчлэн УИХ-ын гишүүд хууль тогтоох байгууллагынхаа ажилд хэрхэн оролцож байгааг яаж дүгнэдэг байх вэ гэдэг асуудал ч мөн яригдаж байна. Тиймээс эдгээр асуудлуудыг хуульд нь оруулж өгөх шаардлага бий.

-УИХ-ын гишүүний насны босгыг тогтоож өгөх шаардлагатай гэж харж байна уу?

-Ер нь тодорхой шаардлага байх ёстой. Дээд боловсролтой, төрийн байгууллагад ажилласан таван жилийн туршлагатай гэдэг ч юм уу. Тодорхой туршлагатай хүн Монголын төрд орж, ард түмний гүүр болох нь зөв юм. Тэгэхээр УИХ-ын гишүүний насны босгыг 35-аар тогтоох нь зүйтэй гэж ард түмний яриад байгаа нь оргүй зүйл биш. Үүнд ч олон хүн санал нийлж байгаа.

УИХ-ын өөрийнх нь хариуцлагын тухай асуудлын цаана төрийн байгууллагуудын ажил гацаад байгаа, Гүйцэтгэх засаглалын ажил руу хэт хутгалдаад байгаа зэрэг асуудлыг цэгцлэх цаг нь болсон. Өнөөдөр УИХ-ын гишүүд юу дуртайгаа ярьж, хийж байна. Зарим нь яриад байгаа зүйлээ туйлын үнэн мэтээр аяглаж алдаа гаргах нь ч бий. УИХ Засгийн газрын ажилд оролцож, 76 Ерөнхий сайдтай юм шиг л аяглах шаардлагагүй. Хууль тогтоох байгууллага үндсэн ажил үүргээ л гүйцэтгэх ёстой.

Тиймээс дээр хэлсэнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг  зайлшгүй ярих нь чухал юм. Энэ хаврын чуулганаар хийхгүй бол дараа нь хийхэд хэцүү шүү дээ. Үндсэн хууль өөрөө тусгай дэгийн тухай хуулиар явдаг учраас УИХ-ын гишүүдийн 3/2 нь оролцож байж уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярина. Тиймээс 65 суудалтай МАН ард түмнээс өгсөн хамгийн том даалгавраа биелүүлж, Үндсэн хуулийнхаа одоогийн алдаа оноог засах ёстой юм.

-Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай юу?

-Өөрчлөх шаардлага бий юу бий. Тогтолцоо нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлттэй л хамааралтай байх ёстой. Томсгох жижигсгэх асуудлыг бол энд яриагүй. Ер нь пропорционалийг оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ нь улс төрийн намуудыг хариуцлагажуулна гэж харж байгаа юм. Цэвэр хувь хүний сонгууль шүү дээ.

Долоон парламентын зургаа нь үндсэндээ можаритор системээр явсан. Нэг удаагийн сонгуулийг улс төрийн намууд зөвшилцөөд пропорцианоль, холимгийг оруулж ирсэн байдаг. Энэ тийм ч муу хувилбар байгаагүй. Улс төрийн намуудад ард түмэн бас саналаа өгөх ёстой. Тэр сонголтыг нь үлдээх ёстой юм.

Ц.ТАМИР