Д.Оюунхорол: Ард түмнээс өгсөн том даалгавар нь ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх гэж бодож байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар тодрууллаа.
-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг баталлаа. Ирэх чуулганаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Олон чухал хууль хэлэлцэнэ. Эдгээрээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хэлэлцэх нь зүйтэй. Монгол Улсын улс төрийн тогтолцоо дампуурсан, гүйцэтгэх засаглалын ажилд УИХ их хутгалддаг гэх мэт алдааг засах шаардлагатай байна. Ард түмэн төрийг үнэлэх үнэлэмж нь муудаж байгаагийн гол шалтгаан нь Үндсэн хууль. Тиймээс олон жил өөрчлөх талаар ярьсан энэ хуулиа одоо өөрчлөх нь зөв. Өөрөөр хэлбэл, парламент, гүйцэтгэх засаглал хоёр ажлаа тус тусад нь хийдэг байх шаардлагатай байна.
Ерөнхий сайдад танхимын гишүүдээ томилдог, хариуцлага алдвал чөлөөлдөг эрхийг нь өгөх хэрэгтэй.
Ингэхгүй бол УИХ-ын гишүүд сайдуудыг томилох, чөлөөлөх ажилд оролцож, сандал суудлын маргаан их болж байна. Эцсийн дүндээ Засгийн газрыг тогтворгүй ажиллуулах, улс орны хөгжлийн бодлогуудыг орхих зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Үүнтэй зэрэгцээд Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь үзэж байхад Ерөнхийлөгчийн эрхийг олонхоороо хязгаарлах нь гэж шүүмжлэх ч хүн байна?
-Ер нь олон намын төлөөлөл байвал Үндсэн хуулийг өөрчлөхийг ярилцах хэрэгтэй гэдэг. Гэтэл өмнөх жилүүдэд олон намын төлөөлөл байсан ч энэ асуудлыг ярьж чадаагүй. Цаашдаа ч чадахгүй юм шиг байна. Тиймээс одоо алдаа, оноогоо засаад л явсан дээр байх.
Бид энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж чадахгүй бол дараа нь өөрчлөхөд хэцүү. Үндсэн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг.
Нийт УИХ-ын гишүүний гуравны хоёр нь оролцож байж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярих ёстой. 65 суудалтай МАН-ын хувьд ард түмнээс өгсөн том даалгавар нь Үндсэн хуулийг өөрчлөх гэж бодож байна.
-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлага байгаа юм уу. Таны саналаар энэ хуулийг хэрхэн өөрчлөх нь зүйтэй юм бэ?
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөх шаардлагатай зүйл байна гэж үзэж байгаа. Тогтолцоог нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй хамааралтайгаар оруулж ирнэ. Ер нь пропорциональ системийг оруулах шаардлагатай.
Ингэснээр улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлнэ. Жижиг намуудаас ч УИХ-д төлөөлөл оруулах боломж нээгдэнэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн хэдэн настай, ямар хүн байх талаар нэлээд ярилцаж байгаа.
Дипломын ширээнээс дөнгөж гарч, улс төрд орж байгаа залуучууд маань төрд бэлтгэгдэж чадаж байна уу, үгүй юү гэдгийг хүмүүс их асууж байна. Тэдний гаргаж байгаа алдаа, онооны дэнс нь УИХ-ын алдаа болж харагдаад байгаа юм. Үүнийг хэрхэн засч, залруулах талаар ярьж байгаа.
-Улс төрийн намуудын хариуцлагыг хуулиар хэрхэн өндөржүүлэх юм бол?
-Цаашдаа улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Зөвхөн сонгуулийн үед улс төрийн намууд идэвхжиж, бусад үед унтаа байдалтай байдаг. Бодлогын төвшинд тэдний хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж бодож байна.
-УИХ-ын гишүүдийн хариуцлагыг ч өндөржүүлэх шаардлагатай байх?
-Иргэдтэй уулзалт хийхэд энэ асуудлаар олон санал ирдэг. Гол нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг хэрхэн өндөржүүлэх талаар асууж байна. Мөн хуралдаандаа суудаггүй гишүүдэд ямар хариуцлага тооцох, гишүүдийн хууль тогтоох үндсэн ажлын гүйцэтгэлийг хэрхэн дүгнэх талаар асууж байгаа.
Тиймээс эдгээр асуудлыг хуулийн өөрчлөлтөд оруулах шаардлагатай байна. УИХ-ын гишүүн ядаж магистрын боловсрол эзэмшсэн, төрийн байгууллагад тодорхой хугацаанд төгссөн мэргэжлээрээ ажилласан байх нь зүйтэй. Ийм хүмүүс Монголын төр, ард түмний гүүр болж ажиллах нь зөв юм. Тиймээс УИХ-ын гишүүний насны босгыг 35 гэж тогтоох зөв гэж ард түмэн ярьж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүд дуртай зүйлээ хийж, ярьж байна. Үүнийгээ туйлын үнэн мэт ойлгодог нь алдаа болдог. Монгол Улс 76 Ерөнхий сайдтай юм шиг аашилж, Засгийн газрын ажилд оролцох хэрэггүй. УИХ хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, ард түмний гүүр болон ажиллах ёстой. Тиймээс дээрх хуулиудыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.