УИХ-ын гишүүд тогтвортой хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
2018.02.13

УИХ-ын гишүүд тогтвортой хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нарын гишүүд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар асуулга тавилаа. 

Асуулга тавьсан гишүүд тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, баян хоосны хэт их ялгарлыг бууруулж, “хэнийг ч ардаа үлдээхгүйгээр” хөгжих явдал чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж, 2016 оны УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тодруулжээ. 

Энэхүү хөгжлийн бодлогодоо нийцүүлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилтоо тодорхойлох нь улс орны хүн хүч, баялаг, хөрөнгө санхүүгийн нөөцийг оновчтой зөв хуваарилах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг эртнээс судалж бэлтгэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тогтвортой хөгжлийн зорилт батлагдсанаас хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч зорилтод тусгагдсан хөгжлийн бодлого, зорилтууд хэрэгжилтийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа тул гишүүд ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьжээ. 

Тэд асуулгадаа Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилт хэрхэн хэрэгжиж байгаа, түүний хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж ямар дүн шинжилгээ хийж байгааг тодруулахыг хүсчээ. 

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусч байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг асуулгадаа асуужээ. 

Тэрчлэн 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна. 

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд танилцуулж байхаар тусгажээ.