2017 оны намрын чуулган 125 хууль, 54 тогтоол хэлэлцэн баталжээ
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-ын 2017 оны намрын чуулган хаалтаа хийсэн. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 39 удаа хуралдаж, нийт 125 хууль, 54 тогтоол хэлэлцэн баталсан байна. Үүнээс бие даасан 18 хуульд өөрчлөлт оруулж, 117 хуулийг хэлэлцэж баталсан. Мөн УИХ Монгол Улсын 2018 оны төсвийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлого зарлагыг бодитой болгохыг зорьсон гэдгийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс онцлон хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүд намрын чуулган болон ирэх хаврын чуулганы талаар дараах байр суурьтай байна.
Д.Тэрбишдагва: Намрын чуулганы хэлэлцэх асуудлыг гол цөм нь төсвийн тухай болон төрөөс мөнгөний талаар баримтлах тухай хуулиуд байдаг. Энэ хуулийг боломжийн хэмжээнд хэлэлцэж шийдсэн гэж бодож байна. Ард түмний өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол хууль гэхээсээ илүү ажилгүйдэл, ядуурлыг бууруулах том төслүүд, хөдөө орон нутагт ажлын байр болгох асуудлууд байна.
Я.Содбаатар: Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд бид арилжааны банкууд, Төв банкны системийг эрүүлжүүлэх, банкны тогтвортой байдлыг хангах чиглэлээр багц хуулиудыг оруулж ирсэн.
Х.Нямбаатар: Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах учиртай. 1999 онд орсон нэмэлт өөрчлөлтөөс 18 жилийн хугацаа өнгөрлөө. Дордуулсан долоон өөрчлөлт гээд янз бүрээр л нэрлэж байна. Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ярьж байгаа бол эхний оруулсан өөрчлөлт зөв, буруу байсныг нэг талдаа гарган цэгцлэх ёстой.
Д.Оюунхорол: Улстөрийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Тиймээс ирэх хаврын чуулганаар улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.