А.Сүхбат: Монгол улсын хэдэн иргэн ямар, ямар улсад цагаачилж байна вэ?
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
Манайд байгаа цагаач иргэдийн тоо маш тодорхой байна. Харин Монгол улсын хэдэн иргэн ямар ямар улсад цагаачилж байна вэ? Тоо судалгаа байна уу?
Жишээ нь Солонгос улсад 46 мянган иргэн ажиллаж амьдардаг. Энэ иргэдийн 10 мянган иргэн ажилгүй байгаа. Энэ Монголчуудын хэдэн хувийг Солонгос улсад цагаачилж байгаа Монголчууд гэж үзэж байгаа вэ? Энэ тал дээр ямар бодлого баримталж, хяналт тавьдаг вэ?
Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа
Гадаадад Монгол улсын иргэн цагаачлах, зорчих тухай хууль байдаг. Энэ хуулиар тодорхой асуудлууд зохицуулагддаг. Гэхдээ олон жил болж байгаа энэ хуулинд өөрчлөх зүйл бий. Хууль зүйн дотоод хэргийн яаман дээр ажлын хэсэг гараад хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа.
Гадаадад цагаачилж байгаа Монголчуудын тоог Гадаадын иргэн харьяатын газар гаргадаггүй. Гадаад хэргийн яам гаргадаг. Гэхдээ манайхан олноороо ажиллаж амьдарч байгаа Солонгос, АНУ, Герман зэрэг улсын цагаачлалын байгууллагатай хамтарч ажиллах санамж бичиг байдаг. Солонгос улсад манайхны олонх нь ажиллаж байна. Цагаачилж байгаа иргэн бараг байхгүй. Харин 3000 гаруй иргэн Солонгосын иргэнтэй гэр бүл болоод амьдарч байгаа иргэд байдаг.