Цагаач иргэдэд квот тогтоох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай байдаг.
Одоогийн байдлаар цагаач иргэдийн тоо манай улсын хүн амын 0.4 хувиас их болоогүй тул 2018-2020 онд цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар манай улсын иргэн гурван сая 180 мянга гаруйд хүрсэн бөгөөд 15917 цагаач иргэн хүлээж авах бололцоотой юм. Харин одоогоор манай улсад 15 орны 1959 цагаач иргэн байгаагаас 1250 буюу 63 хувь нь БНХАУ, 644 буюу 32.8 хувь нь ОХУ, 65 буюу 3.3 хувь нь бусад 13 орны иргэн байгаа аж.
Энэхүү тогтоолын төсөлд 2018-2020 онд манай улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүнд ОХУ-аас 30-аас дээшгүй, БНХАУ-аас 30-аас дээшгүй, бусад улсаас 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ.
Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцууллаа.
Тус байнгын хороо 2018 оны 02 сарын 07-нд хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэнгүй.