УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австралийн Элчин сайд Жон Лангтритай уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.02.01) Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтритай уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австрали улс Монгол Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар саналаа хэллээ.
Элчин сайд Жон Лангтри УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад хоёр орны хамтын ажиллагааны талаар санал, бодлоо хуваалцсанд талархал илэрхийлээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ашигт малтмалын лиценз эзэмшихтэй холбоотой зохицуулалтад сэтгэл гонсгор байна гэдгээ хэлэв. Монголыг хамгийн их сонирхож, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн Австралийн уул уурхайн компаниудад хуулийн энэхүү зохицуулалт саад тотгор болж байгааг тэмдэглэсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар судалж, ямар ажил хийж болохыг эргэн мэдэгдэхээ илэрхийлэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийг ноён Элчин сайдад тавилиаа.
Тухайлбал, Монгол Улсад ашигт малтмалын нөөц баялгийн үндэсний нэгдсэн ангилал бий болгох төсөл хэрэгжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд хамтран ажиллахыг хүссэн.
Элчин сайд Жон Лангтри Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй 2019 онд нэгдүгээр үе шат нь дуусах “Австрали, Монголын эрдэс баялгийнч салбар дахь хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, энэ хөтөлбөрийн хүрээнд хүсэлтийг ажил хэрэг болгон шийдвэрлэх боломжтойг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мөн өөрийн санаачилсан өндөр мэргэжлийн мэргэжилтэй ажилтан сургах, бэлтгэх, улмаар ажлын байрыг бий болгох “Ажилсаг монгол” хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хөтөлбөрийн хүрээнд Австрали улсад залуусыг сургахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу, Элчин сайд Жон Лангтри залууст мэргэжлийн боловсрол олгох, сургах нь маш оновчтой шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Австрали улсад монгол залуусыг сургахад дэмжиж ажиллахаа илэрхийлэн, энэ чиглэлээр талууд дэлгэрэнгүй санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.