Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзав
2018.02.01

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн А.Ундраа нар өнөөдөр (2018.02.01Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2002 оноос хойш Швейцарийн Хамтын ажиллагааны газар УИХ-тай тасралтгүй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, энэхүү уулзалтаараа гурван сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нэгдүгээрт, манайд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70 хувь нь их, дээд сургууль, 20 хувь нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг. МСҮТ-ийн төгсөгчдийн 70 хувь нь ажлын байртай болж байхад их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 30 хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн судалгаа гарсан байна. Иймд Байнгын хорооны хариуцдаг нийгмийн асуудлын хүрээнд мэргэжлийн боловсролыг сурталчлах, олон нийтэд таниулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна гэв.

Хоёрдугаарт, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулагдсан олон улсын дэвшилт техник технологиудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Харин гуравдугаарт, УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдаж буйтай тэмцэх болон худал мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Хатагтай Габриела Спирли, УИХ-ын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, байгууллагынхаа ирэх дөрвөн жилийн стратегийн төлөвлөлөөг танилцуулав. Тэрбээр хөдөө аж ахуй, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төслийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөд, Завхан, Ховд аймгуудад хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах төслөө Улаанбаатар хотод хэрэгжүүлж хийхээр болсныг мэдэгдэв. Энэхүү төсөл нь ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, сургууль, цэцэрлэгийн байшингийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэх юм байна.

Швейцарийн хамтын ажиллагааны газар агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг судалж байгаа хэмээн мэдээллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.