2018.01.30

Н.Учрал: Ижил хүчин чадалтай бүтээн байгуулалтын ажлууд адил өртөгтэй байх ёстой

УИХ-ын гишүүн Н.Учрал EagleTV телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-Засгийн газар байгуулагдсаны 100 хоног болж, энэ хугацаанд хийсэн ажлаа дүгнэж олон нийтэд мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүний хувьд та Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлсэн энэ 100 хоногт алдаа оноотой зүйл багагүй байлаа. ДНБ-ий өсөлт өмнөх онтойгоо харьцуулахад 5.8 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц өссөн. Мөн бондын өр төлбөрийг төлсөн гээд дэвшилттэй олон ажлуудыг хийж чадлаа гэж үзэж байна. Нөгөө талаас ард иргэд Засгийн газраас нэг л зүйлийг хүсч байгаа. Хөгжлийн загвар, бодлогоо яриач ээ гэж байна. Монгол Улс цаашид ямар орох байх, иргэд ямар нийгэмд амьдрав хэв гэдгийг тодорхойлохыг хүсч байна. Гэтэл бид "гал унтрааж", өнгөрсөн Засгийн газрынхаа алдаа оноог залруулах гэсээр байтал энэ цаг хугацаа маш хурдан явж байна.

-Таны санаачлан боловсруулж байгаа Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байгаа. Тэр дундаа төсвийн норм, норматив, сахилга батын асуудал яригдаж байна. Яг УИХ-д гишүүн болоод суухаар төсвийн сахилга бат гэдэг зүйлийн хаана нь алдаа гаргадаг юм бэ?

-Төсөв батална гэхээр судалгаагүй байж болохгүй. Жишээ нь манай дүүргийн 640 хүүхэдтэй сургуулийн төсөв өөр нэг аймгийн 640 хүүхэдтэй сургуулийн төсөв хоёр зөрөөд байдаг юм бэ? Яагаад ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр УИХ-ын гишүүд нэг сургуулийг төсөвт оруулж, батлуулдаг юм бэ? Яагаад төсвийн шууд захирагч нар олгосон төсвийн мөнгийг захиран зарцуулахдаа үлгэрчилсэн нормативыг барьдаггүй юм бэ? Гэтэл төсвийн норм, норматив гэдэг зүйл байсныг байхгүй болгосон. Социализмын үед бүгд нормтой байсан.