Шатахууны үнэ нэмэгдсэн, хомсдол үүссэн нөхцөл байдлын талаарх асуулгын хариуг сонслоо
Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулах байсан боловч гадаадад томилолттой байгаа тул Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулсан юм.
2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоног /112,830.35тн/-ийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 60 /14,416.06 тн/, АИ-92 болон АИ-95 автобензин 41 /40,699.19 тн/, дизелийн түлш 38 /56,060.35 тн/, ТС-1 онгоцны түлш 18 хоног /1,655.0 тн/-ийн нөөцтэй байна.
Засгийн газраас 2016, 2017 онуудад хийсэн бензиний үнийг тогтворжуулах шийдвэрүүд гарснаас хойш 2017 оны 1 дүгээр сарын шатахууны импортын үнийг өмнөх сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 ам.доллараар өсөж, мөн төгрөгийн ханш суларсаар байсан нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн.
Үнийн энэ өсөлт нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд бүтээгдэхүүний төрөл, бүсээс хамааран өнөөгийн аж ахуйн нэгжүүдийн 153-303 төгрөгийн алдагдалтай байгаа үнэ дээр литр тутамд 51-103 төгрөгийн сөрөг нөлөөг нэмж үзүүлж болзошгүй гэсэн таамаглал байна. Улмаар шатахууны жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 204-389 орчим төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан.
Үүнтэй уялдуулан Засгийн газар шуурхай ажиллаж, гадаад зах зээлээс хамааралтай шатахууны үнэ өсвөл ард иргэдэд ирэх үнийн дарамтыг бууруулах, инфляц болон эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварын хэмжээг "тэг" болгон өөрчлөлт оруулаад байна.