2018.01.12

Б.Энх-Амгалан: Ударник хамрагдах бол эр зориг гаргасан, нээлт хийсэн хүмүүс ч хамрагдах ёстой

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.

Б.ЭНХ-АМГАЛАН: ГАНЦХАН АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИНД ОРОЛЦОЖ БАЙСАН АХМАДУУД ОРОЛЦОХ УУ?

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Алдар цолтой ахмад дайчин гээд 705 ахмад настанд сар болгон 200 мянган төгрөгний нэмэлт, гавъяат цолтон улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гээд нийт 1735 ахмад настанд 150 мянган төгрөгний нэмэлт гэсэн байна. Ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хоёрын ялгаа юу вэ?

Энэ хүмүүс эргээд ахмадын орон сууцны хөнгөлөлт, рашаан сувилалын хөнгөлөлт гэдэг зүйлд давхар хамрагдах уу эсвэл тусгай зохицуулалт байх уу?

Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийн эхнэр, нөхөрт нэмэгдэл олгоно гэж заасан байна. Эдгээр хүмүүс төрийн шагналтай хүмүүст хамрагдах уу эсвэл зөвхөн дайнд оролцоод амь үрэгдсэн хүний ар гэрт хамрагдах уу?

Улсын бага хурлын депутат, бага хурлын гишүүн гээд 1990 оны Үндсэн хуулийг баталсан хүмүүст олгон нэмэгдлийг яриад байна. Гэтэл өмнө нь Үндсэн хууль баталсан хүмүүс энд хамрагдах уу? Монгол Улсын НҮБ-д хүмүүс үүнд хамрагдах уу?

Байгалийн гамшиг, осол, гэнэтийн халдлага, гал түймэр гэсэн хэцүү хүнд нөхцөлд иргэний эр зориг гаргаж, иргэдийг аварсан тохиолдол байдаг. Энэ хүмүүсийг яах вэ?

Шинжлэх ухааны маш том нээлт хийсэн эрдэмтэд байдаг. Тэд хамрагдах уу гэдэг асуултад хариулж өгөөч. Ударник хамрагдаж байгаа юм бол эр зориг гаргасан, тодорхой нээлт гаргасан хүмүүс ч гэсэн хамрагдах ёстой гэж бодож байна.

Ё.БААТАРБИЛЭГ: ӨМНӨХ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАН ХҮМҮҮС ЭНЭ ХУУЛИЙН ХАМРАГДАХ ХҮРЭЭНД ОРООГҮЙ

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гэдэг нь 1921 оны ардын хувьсгалд орж байсан анхны 400 партизаныг хэлж байна. Ахмад дайчин нь 1939, 1940 оны гол чөлөөлөх дайнд оролцсон хүмүүсийг хэлж байна.

Өмнөх үндсэн хууль баталсан хүмүүс энэ хуулийн хамрагдах хүрээнд ороогүй. Үнэхээр шинжлэх ухааны нээлт хийсэн болон иргэний эр зориг гаргасан хүмүүсийг салбар салбараар тоочвол маш олон хүмүүс байгаа.

Яг энэ хуулийг хэлэлцэж байхад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг цолтой насаараа гадаадад явсан цөөн хэдэн хүний тухай ярьж байсан. Тэд насаараа дипломат албанд зүтгэж байгаад авдаг хамгийн том цол нь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байдаг. Олон жил гадаадад амьдарч байгаад эх орондоо ирж ахуй амьдралаа зохион гэхээр хураасан хөрөнгө байдаггүй. Энэ хүмүүсийг тусгах тухай би ярьж байсан ч ороогүй. Бүх асуудлыг энэ тогтоолоор шийдэх боломж байхгүй. Нийгэм эдийн засаг сайжраад, хууль эрхзүйн орчны шинэчлэл хийхээр энэ асуудлууд яваандаа тусгагдаад явах боломжтой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 3.1.3 дээр энэ асуудлыг маш тодорхой зааж өгсөн. Ахмад дайчин гэдэг ойлголтонд 1939 оны халх голын тулалдаанд, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтанд биечлэн оролцож байсан хүмүүс болон тэдний ар гэрийн эхнэр, нөхрийг хамруулан үзнэ гэж хуулинд заасан.