Алдар цолтой ахмад настнуудад сар бүр 150 мянган төгрөгний нэмэгдэл олгохоор боллоо
2018.01.12

Алдар цолтой ахмад настнуудад сар бүр 150 мянган төгрөгний нэмэгдэл олгохоор боллоо

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Тогтоолын төслийг хэлэлцсэн НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.