Д.Оюунхорол: Бүхнийг төрийн албан хаагч гэсэн явцуу хүрээнд зориулах шаардлага байхгүй
Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-ЭМЯ-ны мэдэлд ЭМШУИС-ийг оруулж боловсон хүчин, мэргэжлийн арга зүйгээр дэмжинэ гэсэн санал байнгын хорооны зарим гишүүний зүгээс нэлээд хатуухан шүүмжлэлтэй тулгарсан. Хууль зөрчилдөж байна уу?
- Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг байнгын хороо хэлэлцэж байна. Энэ хууль эрүүл мэндийн салбарын суурь хууль учраас нухацтай, анхааралтай хандаж, амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг өөрчлөхөөр ажиллаж байна. Хоёр яамны дунд орхигддог маргаантай заалтуудыг нэг мөр болгох асуудлаар гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Анагаах ухааны боловсрол олгодог ЭМШУИС-ийн элсэлтийн тоо, сургалтын чанар, багшлах боловсон хүчнээр хангах, түшиц эмнэлэг байгуулах асуудлыг ярьж байна. Мөн уг сургуулийг мэргэжил арга зүйн хувьд ЭМЯ удирдаж ажиллах заалт оруулсан нь Дээд боловсролын болон холбогдох бусад хуулийн заалттай зөрчилдөж байгаа учраас ажлын хэсгээс хасах санал оруулж, дэмжигдсэн. ЭМЯ эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудлаар захиалгаа өгөөд хамтран ажиллах боломж бүрэн бий. Яам бүр дэргэдээ сургууль байгуулна гэвэл манайд боловсролын нэгдсэн тогтолцоо алдагдана. Олон жилийн хугацаанд бий болгосон боловсролын тогтолцоогоо жижиг эрх ашгаа бодоод үгүй хийж болохгүй. Хууль боловсруулах явцад УИХ-ын гишүүн бид ч хариуцлагатай хандах ёстой.
-Анагаахын их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байж болох заалт мөн хасагдлаа. Ямар хуулийн заалт зөрчиж байна вэ?
-Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад Анагаах ухааны их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байж болох, төгсөлтийн дараахь эмнэлгийн мэргэжилтний сургалт явуулах, сургалт эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох заалт оруулсан байсан нь мөн хасагдсан. Энэ нь Дээд боловсролын тухай хууль, аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг зөрчиж байгаа юм. ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй байхыг хуульчлах шаардлагагүй гэсэн үг. Хэрвээ үүнийг хуульчилвал төрөөс эмнэлгийн төсөв хөрөнгийг бүрдүүлэх шаардлага үүснэ. Энэ тохиолдолд боловсон хүчин бэлтгэх зэрэг сургуулийн бусад асуудлыг яам нь давхар шийдвэрлэхээс өөр гарцгүй болно. Хуультайгаа зөрчилдсөн учраас энэ заалтыг хассан нь зөв.
-Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах уу гэдэг нэлээд маргаан дагуулдаг. Шинэчилсэн хуулийн найруулгад хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ?
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бие даалгах нь хуулийн гол зорилтын нэг.Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдийн нэг хэсэг нь надад үйлчилгээ хүрэхгүй байна гэж гомдоллодог. Нөгөө хэсэг нь 10 хоног эмнэлэгт хэвтэж 200 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэлээ гэдэг. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлгээг үнэлэмжгүй болгодог. Тухайн салбарыг зах зээлийн жамаар хөгжүүлэх бодлого одоогийн хуулиар хаалттай байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах уу, ЭМЯ-нд өгөх үү гээд асуудал үүснэ. Хуулийн шинэчилсэн төслөөр өнөөдөр НХХЯ-ны харъяанд байгаа санг ЭМЯ-ны харъяанд оруулахаар томьёолсон.
-Эв санааны нэгдлийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэсэн ойлголт яваад байна. Энэ юу гэсэн үг вэ?
- Өнөөдөр эрүүл мэндийн даатгалаа иргэд байнга төлдөг ч эргээд өөрт нь үр ашгаа өгөхгүй байна. Энэ нь эрүүл мэндийн даатгал НХХЯ, ЭМЯ, Сангийн яам гэсэн гурван яамны дунд байдагтай нэг талаар холбоотой. Эв санааны эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэдэг нь эрүүл хүний эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө өвдсөн хүний эмчилгээнд зориулагдахыг хэлээд байгаа юм. Товчхондоо баян, чинээлэг хүний даатгалаас орсон мөнгө ядуу иргэнд очдог тогтолцоо. Хүн амын бараг 40 орчим хувь нь ядуу эмзэг бүлэгт багтаж байгаа нөхцөлд энэ бол хамгийн зөв тогтолцоо. Эрүүл мэндийн даатгалын удирдлагын чадавхийг сайжруулан одоогийн нийгмийн даатгалын тогтолцоон дахь бүтцийг хадгалах нэг хувилбар. Эсвэл эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагыг байгуулах боломж байж болно. Эрүүл мэндийн даатгалын газрыг УНДЕГ-аас шилжүүлэн Эрүүл мэндийн газрын бүтцэд шилжүүлэх хувилбар ч бий. Олон улсын шинжээчид манай улсын нөхцөлд эрүүл мэндийн даатгалыг нийгмийн даатгалын тогтолцоонд хэвээр байлгах уу, бие даасан байлгах уу гэдгийг нарийвчлан авч үзэхийг зөвлөдөг. Бие даалгаснаар эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн даатгалын зорилгод нийцүүлэн санхүүжилтийн эх үүсвэрийг зарцуулах боломж бүрдэнэ. Мөн улстөрийн нөлөөлөл, оролцоо багасч, тусламж үйлчилгээг худалдан авах, гүйцэтгэлийг дэмжих тогтолцоо хөгжих, даатгуулагчийн эрх ашгийг илүү дэмжих, улмаар сэтгэл ханамж нэмэгдэнэ гэж үздэг. Эцсийн үр дүнд даатгалын байгууллагын нэр хүнд ч өснө.
-Сүүлийн үед хорт хавдрын өвчлөл ихэсч, гадаадад эмчлүүлэгсдийн цуваа ч тасрахгүй байна. Төр, засгаас ийм бэрхшээлтэй иргэдэд тус дэм болох төсөвт хуваарилдаг уу?
- Эрүүл мэндийн сайдын багцад гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдийн замын зардалд зориулж тодорхой хэмжээний мөнгө хуваарилдаг. Мэдээж үүнийг хэнд өгдөг вэ гэсэн асуулт гарна. Нягтлаад үзэхээр “хуулийн дагуу” гээд төрийн албан хаагч, тэдний хүүхдэд ч юмуу өгсөн байдаг. Энгийн иргэнд оногдохгүй, ажилгүй эсвэл хувийн салбарт ажилладаг хүнд хамаагүй мэт байдаг. Хуулийн шинэчилсэн төсөлд зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх хүмүүсийн зардалд мөнгө олгох журмыг Засгийн газар хэлэлцэж батлахаар заалт тусгалаа. Орон сууцны хөнгөлөлтөөс эхлээд цалингийн нэмэгдэл зэрэг бүх зүйл зөвхөн төрийн албан хаагчдад зориулагдах ёсгүй. Иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд дунджаар 2-3 сая төгрөг олгодог юм байна. Жилд 100-150 хүн хамрагддаг гэсэн. Орлого багатай, ядуу зүдүү, төрөөс үнэхээр дэмжлэг хүссэн иргэдэд тэр мөнгийг олгох нь зөв. Өнөөдөр төрийн албан хаагч ядуу эмзэг бүлгийн хүн арай ч биш шүү. Бүхнийг төрийн албан хаагчдад гэж явцуу хүрээнд ярих шаардлага байхгүй.