2009.08.12

Д.Оюунхорол: “Төрийн хэрэг иргэдээсээ, иргэдийн амьдрал төрөөсөө” гэж их үнэн үг шүү

-Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлээд багагүй хугацааг өнгөрлөө. Энэ хугацаанд таны даргалдаг Байнгын хороо ямар ажлуудыг амжуулав?

-Манай Байнгын хороо нэлээд олон ажлуудыг амжууллаа.Ойрын үед хийсэн нэг чухал ажил бол Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр,2009 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төсөл хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах чиглэлийг хэлэлцэж, баталж дууссан.
Мөн удахгүй хэлэлцэх “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай”-хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Говьсүмбэр,Төв,Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Эрдэнэт зэрэг аймаг хотуудын Мэргэжил сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай олон улсын төслийн байгууллага, салбарын яамдтай хамтран манай Байнгын хорооны УИХ-ын гишүүд судалж, танилцах ажлыг тусгай удирдамжийн дагуу зохион байгууллаа.

-Танай Байнгын хорооноос эрүүл мэнд, боловсролын асуудлаар нэлээд шинэлэг саналуудыг гаргаж, санал нь чуулганаар зуун хувь дэмжигдсэн.

-Төрийн хэрэг иргэдээсээ, иргэний амьдрал төрөөсөө гэдэг. Төрийн бодлогын хэрэгжилт хүмүүст тусгалаа өгдөг болохоор иргэд бидний төлөө үйлчлэх баримт бичиг болжээ гэсэн бодлого үйл ажиллагааг бид чухалчилсан.


Тэгээд ч албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлсэн захидал, хүсэлт саналуудад дүгнэлт хийж саналуудыг тусгасан болохоор илүү амьдралд ойр сонсогдсон болоод л дэмжигдсэн байх даа.
Жишээлбэл: ”Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэх,Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коэффициентийг бууруулах, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, Дээд боловсролын салбарт орчин үеийн сургалтын стандартыг бий болгож, шаардлага хангаагүй, аттестатчилалд тэнцээгүй, чанаргүй их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, зөвшөөрлийг эргэж хянах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ техник технологи бүхий орчин үеийн сургалтын бааз лабороторитой болгох” гээд олон саналуудыг хөтөлбөрт тусгуулсан.

-Ерөнхий сайд эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг хасахгүй гэсэн.

-Тийм ээ. Хүний эрүүл мэнд, боловсрол гэдэг их чухал юм шүү дээ. Ер нь бол төсөв, мөнгөний бодлого нь иргэдэд өөрсдөө ажиллаж, өөрсдөө бүтээж, өөрсдөө бодож сэтгэж, ажиллаж, амьдрах эрмэлзлийг бий болгон дэмжин урамшуулж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэгдэх ёстой гэж би боддог. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах арга зам нь зөвхөн төсвөөс мөнгө хуваарилан олгох хэмжээг нэмэгдүүлж, бэлэнчлэх сэтгэлгээнд иргэдээ дасгах бус төсвийн санхүүжилт нь хөдөлмөр эрхлэх сонирхлыг урамшуулан дэмждэг, ажлын байр нэмэгдүүлдэг, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил олгоход нь туслах зорилгоор төсөв, хөрөнгө оруулалтыг хуваарилах нь зүйтэй.


Цаашид төсвийн зарлагыг дорвитой бууруулах бүтцийн өөрчлөлтийг бодитой хийх, ялангуяа нийгмийн салбарын хувьчлал, шинэчлэл өөрчлөн байгуулалтыг ухаалаг, зохистой хийх шаардлагатай байна.


Төрөөс иргэд, нийгэмд үзүүлэх үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн албыг чадварлаг, хөнгөн шуурхай болгох нь төсвийн нэг гол зорилт байх ёстой.

-Өнөөдөр нийгмийн өмнө тулгамдаад байгаа эрүүл мэндийн даатгал, хүний наймааны гэмт хэрэг зэрэг асуудлаар иргэд ихээр шүүмжлэн ярьж байна

–Тийм л дээ. Эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдлыг хангах,Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа тусламж үйлчилгээний багцыг оновчтой болгох, чанарыг сайжруулах замаар даатгуулагчдын сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх, энэ асуудлаар нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж даатгалын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юмаа.

Монгол улсад сүүлийн жилүүдэд хүний наймааны гэмт хэргийн гаралт нэмэгдэж, дээрх гэмт үйлдэлд хохирсон хохирогчдын тоо жилээс жилд өссөөр байгаа нь бидний сэтгэлийг түгшээж,төрийн бодлогын хүрээнд авч үзэн нийгмийн сөрөг энэ үзэгдэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.Үүнд сэтгэл маш их эмзэглэж байна.
Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн төрийн бодлого зохицуулалт, өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх, таслан зогсоох , гэмт этгээдтэй хариуцлага тооцох, хамгаалах зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж хийхээр бид бэлтгэж байна.

-Энэ их ажлын хажуугаар сонгогдсон тойрогтоо ажиллах боломж олдож байна уу.

–Завхан нутгаасаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төр түшилцэж яваагийн хувьд анхныхаа томилолтыг 10 дугаар сард Завхан нутагтаа авч ард иргэдтэйгээ уулзалт хийж, хэд хэдэн сумдаар ороод ирсэн. Ер нь бол өдөр тутам сонгогчдынхоо ажил төрөл, амьдралын талаар байнгын харилцаатай байдаг гэж ойлгож болно доо.

Товч ярилцлага өгсөн танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.